УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тойргийнхоо зөвхөн нэг сонгогчид 130000 төгрөг тарааж, бусад гишүүдийн бэлгийг бут цохив. Эрхэм гишүүд тойргийнхонтойгоо уулзан, “Найман гишүүн төгөлдөр” цай, будаа гурил, үсрээд л шил архи тарааж явсан болохоор үнэндээ “Баян” Чойжоо гишүүний хөлд үрэгдлээ. Атаархсан Увсын АН-ынхан Чойжоо гишүүн мөнгө тарааж байгааг шүүмжлэн шуурхай мэдээллээ. Гэтэл увсчууд Чойжоо гишүүндээ хөл алдаж, “Яадгийм бусдыг бодвол бидэнтэйгээ хувааж иддэг сайн хүү” гэж хир халдаахгүй өмөөрч сууна. Б.Чойжилсүрэн анх УИХ-д нэр дэвшихээр бэлдэхдээ 2006 онд дөнгөж шинэхэн Монголбанкнаас батлагдан гарсан 20 мянгатын дэвсгэрт тараасан. Төрөөс инфляцитай уялдуулдан мөнгөн дэвсгэртээ томруулж, 20 мянган төгрөг хэвлэх шийдвэр дөнгөж гарсан үед л дээ. Гэтэл тэрийг нь хаа байгаа Увсын хязгаарт Б.Чойжилсүрэн тарааж, хуруу эсгэм шинэ дэвсгэртийг хөгшчүүд их билэгшээсэн гэдэг. Мэдээж бизнесмэн Б.Чойжилсүрэн нэг хүнд 20000 төгрөг тараалаа гэж бөөн юм болсон. Гэтэл нөгөө Чойжоо нь телевизийн камерийн өөдөөс баруун аймгийнханд л байдаг нүд харцаараа мэлтийтэл харж байгаад, баяд аялгуугаараа “Яадгийм, удаан уулзаагүй нутгийн ах дүүдээ 20 мянган төгрөг барьж золголоо” гэж шийдсэн мэхээ хийсэн бөх шиг зогсож билээ. Ийм хүнтэй хэн юу ярих билээ. Энэ цагаас хойш Б.Чойжоо гишүүний тараадаг мөн тогтмол өссөөр энэ жил 130 мянган төгрөг хүрчээ. Хажуугаар нь аяга таваг, цүнх чихэр гарын бэлэг болгон дайна. Увс аймгийн нийт сонгогчид 55 мянга орчим. Бэлэн мөнгө 130 мянган төгрөг дээр бэлэг дагалдуулсан болохоор дор хаяж 7-8 тэрбум төгрөг шууд цацсан гэж тооцож байна.