Буруугүй “буруутан” болсон энэ хэдэн ногоон автобус өдгөө хотын дарга, Түгжрэлийн сайд хоёрын дунд бөмбөг мэт шидэгдсээр байна. Хотын дарга авахгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн бол Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нь дэмий л толгойгоо маажихаас цаашгүй болжээ. Хэдхэн хоногийн өмнө тэрээр “энэ автобуснуудыг яахаа мэдэхгүй байна” гэсэн аргаа барсан тайлбар хийж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Тэрээр “цавчаа ногоон”-уудыг хилээр буцаан гаргах боломжгүй, бас энд хаашаа аваачих нь тодорхойгүй байна гэсэн. Түгжрэл хариуцсан сайд нь ингээд хуйхаа маажаад сууж байгаа нь өнөөх “цавчигсадад” ялагдсан гэх мэдрэмжийг шууд төрүүлж байна. Уг нь хотын дарга болон Түгжрэлийн сайдыг шинээр томилогдоход нь “цавчаа ногоон”-ы араас эцсээ хүртэл яваарай, шийдээрэй гэж дээр дооргүй захисан. Гэтэл Б.Дэлгэрсайхан нь ажлаа дөнгөж авангуутаа л ийнхүү аргаа барсн тайлбар тавиад сууж байна. Хэрвээ дээрхи автобуснууд нь улсын хилээр орж ирсэн нь үнэн бол гааль, гарал үүслийн бичиг баримтанд нь илгээгч нь тодорхой байгаа. Гэтэл үүний араас хөөцөлдөөд явах хүсэл энэ сайдад алга. Одоо ганцхан гарц үлдсэн нь энэ автобусыг нийтийн тээвэрт явуулаад нийслэлчүүд бүгдээрээ сууж хам хэрэгтэн болох явдал юм. Тийм цагийг зориуд “ирүүлэх” байх. Энэ янзаараа нийслэлийн зорчигч тээвэрт автобус дутагдана, ачаалал нэмэгдэнэ. Дээр нь нөгөө “цавчаа ногоон”-ыг чөтгөр ч тоож авахгүй тул буруу харж уйлж зөв харж инээгээд шугаманд гаргах л байх даа ...