alim.mn | 2024.12.23
Солонгосд таван жил ажиллаж цуглуулсан 12 сая төгрөгийг гар утсыг нь олсон залуу хоёрхон өдрийн дотор үрж дуусгасан ХЭРГЭЭС ...

С.Рэнцэндэлгэр нь өнгөрсөн 7-р сарын 20-21-нд шилжих шөнө “Натур” худалдааны төвийн заамын эсрэг талаас Э.Мянганбаярын эзэмшлийн “СамсунгА14” загварын гээгдүүлсэн утсыг олж завшин 700 мянга, мөн өдрөөс эхлэн хоёр хоногийн турш уг утасны интернэт банкинд хууль бусаар халдаж 10.6 сая төгрөгийг нь хулгайлан авсан хэрэгт холбогджээ.

Хохирогч нь “...караокед  найзын хамт үйлчлүүлж байгаад үүдэнд тамхи татах гэж гарсан. Би бага зэргийн согтуу байсан болохоор хаана хэзээ алдсанаа сайн санахгүй байна. Маргааш өдөр нь 12 цагийн үед сэрээд өөрийнхөө утсыг хайтал байхгүй байсан. Тэгээд дансаа шалгатал 21-ний шөнийн 04 цаг 28 минутаас хойш 11.715.000 төгрөг цувж гарсан байсан. 400.000, 500.000, 1.000.000 гэх мэтчилэн hatan noyn гэх гүйлгээний утгатай 5832077... гэх покерын данс руу орсон байсан. 12 сая төгрөг нь миний Солонгост таван жил ажиллаад цуглуулсан мөнгө байсан...” гэжээ.

Тэрээр хугацаа алдаж хоёр хоногийн дараа л дансаа хаалгуулжээ. Энэ хооронд шүүгдэгч мөнгийг нь сайхан үржээ.

“... Би 2023 оны 7-р сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвийн замын эсрэг талын явган хүний зам дээрээс Самсунг А14 загварын гар утас олсон. Уг гар утас ямар нэгэн кодгүй байсан. Gmail рүү нь нэвтрэхэд интернет банкны нэвтрэх нууц үгийг сэргээх боломжтой байсан. Шөнийн 04 цагийн үед интернет банкны кодыг сэргээгээд уг данс руу ороход 12.5 сая төгрөг байсан. Би шууд өөрийн тоглодог live покерын ...  дансыг 10 удаагийн үйлдлээр 6.3 сая төгрөгөөр цэнэглэж тоглоод гурван саяыг алдсан. Үлдсэн 3.3 саяыг өөрийн данс руу татаж авсан. Мөн өдрийн 19 цагийн үед машиндаа 430  мянган төгрөгөөр 17 размерын  дөрвөн шинэ дугуй худалдаж авсан. Бас амаржинаа солиулсан. Маргааш өглөө эрт гадаа явж байсан танихгүй хүний дансыг ашиглан 1.5 сая  төгрөгийг бэлнээр гаргаж авсан. Ингээд хэсэг харж хүлээтэл ямар нэгэн асуудал гарахгүй болохоор нь Sunday худалдааны төвөөс жинсэн өмд нэг ширхэг, цамц нэг ширхэг, шорт хоёр ширхэг, пүүз нэг ширхэг зэрэг хувцаснуудыг 1.2 сая төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 135 мянган төгрөгөөр машинаа сайхан угаалгасан.  Оройн 11 цагт ILOFT бааранд ганцаараа орж таалагдсан  бүсгүйчүүдийг дайлан шөнийн 03 цаг хүртэл баардаж 710 мянгын тооцоо хийсэн. Баарнаас гараад 122 мянгаар покерийн дансаа цэнэглэн тоглоод ахин алдсан. Үлдсэн мөнгийг нь дэлгүүр, зоогийн газарт үрсэн. 23-ний өглөө харахад 12 саяас 1.8 сая л үлдсэн байсан. Мөн өдрийн 14 цагт ХААН банкнаас залгахаар нь айгаад өнөөх гар утсаа  Sunday худалдааны төвийн гадаах том хогийн сав руу шидчихсэн. Гэнэт их хэмжээний мөнгөтэй болчихлоо гэж бодсон. Тэгээд ямар нэгэн юм бодолгүй хувьдаа хэрэглэчихсэн...” гэжээ.

Энэ нь залуусыг ажил хөдөлмөр хийлгүйгээр гэнэтхэн баяжих хүсэлтэй, их мөнгөтэй болонгуутаа хүссэнээрээ үрэх дуртай гэдгийг харуулж байна. Шүүх хоёрхон өдөр дэлхий даахгүй баян ханхалзсан залууг 5.4 сая төгрөгөөр торгож 480 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ