Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Шинжээчийн дүгнэлтэд гарсанчлан 2017 оны долдугаар сард сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 261 сая тонн нүүрсийг ЭТТ ХК-ийн тухайн үеийн борлуулалтын үнээс 4.5 ам.доллароор бага худалдан авах гэрээг долоон компанитай байгуулсан нь 9.45 сая ам.долларын орлого олох боломж алдсан гэж байна. Энэ үе Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байна. Танд хэн нэгэн хөнгөлөлт үзүүл гэх чиглэл өгөгдсөн үү?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд: Аливаа хийж буй ажлыг улс төржүүлж бүү бодоосой. Ерөнхийлөгчийн сонгууль болох эсэх нь манай компанийн борлуулалтад хамаагүй. Хэн нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй. ЭТТ ХК 2017 оны зургадугаар сарын үед 2-3 удаа дуудлага худалдаа явуулахад компаниуд санал ирүүлээгүй. Тиймээс юу болсон талаар мэдээлэл хайсан. ЭТТ сонгон шалгаруулалт явуулж эхэлсэнтэй холбоотойгоор Цагаанхад, Ганцмод боомтуудын компаниуд үгсэн нийлж байна гэсэн мэдээллийг авсан. Үнэ өсөж байгаа учраас өрсөлдөөнд битгий оролц гэсэн шахалт ирсэн гэх мэдээлэл олдсон. 2017 онд Ганцмод боомтод коксын нүүрсний үнэ буурч байсан. Цанхийн баруун болон зүүн агуулахад 3.1 сая тонн нүүрс хадгалагдсан. Шинээр олборлосон нүүрсээ буулгах талбайгүй болсон. Ганцмод боомтод их хэмжээний нүүрс ирээд бидэн рүү холбоо барихгүй байсан. Мөн жижиг Тавантолгой ижил хэмжээний нүүрсээ 50 ам.доллароор зарсан. Бид нүүрсээ 71 ам.доллароор зарж байхад "Чалко"-гийн гэрээний дагуу 67 ам.доллароор хүчээр нийлүүлж байсан зэрэг нь нөлөөлсөн.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед та ЭТТ ХК-д гүйцэтгэх захирлаар сонгогдсон. Улс төрийн хүрээнд нүүрсний гэрээ, квотыг Ж.Мөнхбат мэддэг байсан гэх яриа байдаг. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд:-Би Ж.Мөнхбатын хүн биш. Тухайн үед тэр хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон. ЭТТ ХК Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяалалд байсан. Тиймээс Ж.Мөнхбат гэх хүн намайг шууд хариуцаж байсан учраас ажлаа тайлагнадаг. Би ямар нэгэн улс төрчийг дэмжиж нүүрсний борлуулалт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй. Надад өс санасан хүн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгө тараасан гэх шуум явуулж байсан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө хардуулж сууна гэдэг хамгийн муухай хэлмэгдэлт. Би өөрийн гэсэн бизнестэй, боломжийн амьдралтай. Эрдэнэс Тавантолгой ХК-д амьдралаа зохицуулж, мөнгө цохих гэж ирээгүй.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Нүүрс худалдан авах гэрээ байгуулахдаа харилцан тохиролцсон гэсэн байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд: -Албан тушаалд очихоор ямар нэг хүнтэй заавал холбодог. Би Ж.Мөнхбат гишүүний хүн биш. Мэдээж худалдагч, худалдан авагч хоёрын хооронд харилцан тохиролцсон шаардлага хангасан гэх утгыг илэрхийлсэн үг үсэг найруулга зүйн алдаа болов уу гэж би ойлгож байна. Түүнээс ямар юмных нь энэ хүмүүстэй харилцан тохиролцоод яахав дээ. Найруулга зүйн алдаа гэж харж байна. Би анх удаа ийм юм байгааг харж байна.