alim.mn | 2024.12.23
Экс ажилчин нь үлдэгдэл цалингаа авахын тулд “Сенсор дайчик” компанийн багаж хэрэгслийг хулгайлж түр “барьцаалжээ”

Ийм нэгэн хэрэг гарчээ. А.Лундаажанцан нь дээрх компанид хүнд даацын жолоочоор ажиллаж байгаад өнгөрсөн онд ажлаасаа гарчээ. Ингээд үлдэгдэл цалингаа авахаар захирал Ариунболдод хэдэнтээ хандсан ч өгөхгүй байсан тул нэгэн “төлөвлөгөө” боловсруулсан нь гэмт хэрэг рүү түлхжээ.

 “ ... Би компанид 2021 онд орж, 2022 онд хүсэлтээрээ гарсан. Захирлаас цалингаа авахаар 2-3 удаа хандахад өгөөгүй, уулзахгүй байсан. Багажнуудыг нь барьцаалж байгаад цалингаа авчихъя гэсэн ухаангүй үйлдлээсээ болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон ...”

Жолооч эр найз Пүрэвцогтын хамт машинаар нь Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Сенсор дайчик” компанид очжээ.

... хашааны хойд хаалгаар орж, байшин руу орох гэтэл хаалга нь түгжээтэй, хүн байхгүй эзгүй байсан. Би Пүрэвцогтод хандаж “цонхыг нь хагалж ороод дотор нь байгаа эд зүйлийг нь аваад гарья” гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн. Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, ойролцоогоор 60 см урттай, 30 орчим см өргөнтэй цонхыг нь Пүрэвцогт хагалж ороод дотор байсан 32 инчийн зурагт, 150 ампер цагтай аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, гагнуурын аппарат гар масстай нь хамт 1 ширхэг, импакт дриллний ком 1 ширхэг, дроцовны ком 1 ширхэг, товуудын шфриц зэрэг эд зүйлсийг хагалсан цонхоор гаргаад надад өгөх үед нь би машинд зөөж ачсан. Дараа нь Пүрэвцогт хагалсан цонхоор эргэж гараад, хагарсан цонхыг хааж орхиод, машиндаа сууж миний түр оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүрэг, Баганарангийн 44 дүгээр гудамжны  ... тоот хашаанд очоод, авсан эд зүйлсийг манай гэрт оруулсан. Одоо үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна...”

Ийнхүү хоёр найз хулгай хийжээ. Гэсэн ч хяналтын шатны шүүх тэдний “... үлдэгдэл цалингаа авах сэдлээр эд зүйлийг нь түр барьцаалан буцаан өгөх зорилготойгоор гэмт хэрэг үйлдсэнийг нь ...” харгалзан үзэж тус бүрд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жил болгон бууруулжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ