“Голомт” банкинд принтерийн хор тогтмол нийлүүлж байсан “Төгс дардас” нь “Саммит компьютер технологи”-ийн охин компани гэнэ. А.Э нь 2014 оноос эхлэн хор нийлүүлэгч компанид идэвх зүтгэлтэй ажилласан тул 2018 онд гүйцэтгэх захирлаар томилогджээ. Гэсэн ч толгой компанийн удирдлагаас ирдэг өдөр тутмын дарамтыг тэсвэрлэж чадалгүй 2019 оны 12-р сарын сүүлээр ажлаасаа гарч компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгчээ. Гарахдаа албан бланк авч үлдсэн нь энэ хэргийн өрнөлийг тавьсан байна. Энэ үед “Төгс дардас”-д хамт ажиллаж байсан Г.Б нь “Дрийм Алианс” гэдэг компани байгуулаад байжээ. Тэрээр яг ижилхэн принтерийн хор оруулж ирэн зардаг. Хуучны хоёр хашир уулзан А.Э нь “танайд Голомт банкинд өгөх хэмжээний хор бий юу” гэж асуухад “байгаа” гэжээ. А.Э нь “банкинд танай компанийг санал болгосон, ярих байх” гэж анхааруулжээ. Экс гүйцэтгэх захирал нь өөртөө үлдээж авсан албан тоот дээрээ банкинд хаяглан “Манай компани 2019 оны нөөц татан авалтандаа буруу тооцоолсны улмаас танай байгууллагын эхний улирлын захиалгыг хангахад чирэгдэл учруулахаас сэргийлж дараах байгууллагыг санал болгож байна” гэсэн эхний, дараа нь “манай байгууллагын санал болгож буй “Дрийм Алианс” ХХК-ны принтерийн хор нь чанарын баталгаа болох ISO 9001, ISO14001 стандартын хор нийлүүлдэг бөгөөд бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээг үзүүлдэг. Уг байгууллагын барааны тохирлын гэрчилгээг хавсаргав” гэсэн хоёрдахь албан бичгээ явуулчихсан байжээ. Байнгийн нийлүүлэгчээс нь тоот ирсэнд хор тасалдах нь гэж болгоомжилсон банкныхан А.Э-г дуудаж уулзжээ. Тэрээр “манай компани нөөцөө буруу тооцоолоод принтерийн хорны татан авалтаа дутуу хийсэн. Тиймээс өөр компанийг санал болгоё. Манай инженер техник, хүргэлтийн ажилтнууд бүгд “Дрийм Алианс”-нд шилжин орж ажиллаж байгаа, тэгээд ч принтерийн хор нь манайхтай ижил чанартай, үнэ нь ч яг адилхан. Би өөрөө ч гэсэн энэ компанийн зөвлөхөөр ажлаад явж байгаа” гээд цаашид “Дрийм Алианс”-аас худалдан авалт хийхийг хүсжээ. Ингээд банк шинэ нийлүүлэгчээс туршилтын журмаар авч эхлээд удалгүй гэрээ байгуулан үндсэн нийлүүлэгч болгожээ. Энэ үед “Төгс дардас”-ын шинэ гүйцэтгэх удирдлага “Голомт” банк захиалга өгөхгүй байгаад гайхан л сууж байжээ. Банкинд захиалгын талаар хандахад “эргээд хариу өгье” гээд таг болдог. Сүүлдээ өөр нийлүүлэгчтэй болсоноо мэдэгдсэн байна. Ийнхүү “Төгс дардас” хүнд байдалд орж их хэмжээний илүүдэл нөөцтэй хоцорчээ. Банкинд хэрэгглэдэг хор нь тусгай тул өөр газруудад нийлүүлэх боломжгүй гэнэ. Гэсэн ч учрыг нь олохоор шийдэж банкныхантай албан ёсоор уулзаад экс гүйцэтгэх захирлынхаа хоёр албан бичиг гээд манаргасан хэргийх нь тухай олж мэдсэн байна. Шинэ нийлүүлэгч нь өмнө нь ажиллаж байсан хоёр хүнтэй нь хамаарал бүхий болохыг мэдээд бүр ч цочролд оржээ. Тэд “Дрийм Алианс”-ын хоёрыг дуудаад “луйварчид” гэж загнажээ. Гэсэн ч хожимдсон агаад дөрвөн жил харилцсан том худалдан авагч нь одоо нэгэнт өөр компанийх болжээ.