Авлигал Монголыг яаж хэрэн хэлхэж, аалзны тор шиг болгож, эрх мэдэл, албан тушаал, танил тал дагасан луйвар, хулгай яаж явдаг вэ гэдгийн тод жишээ бол Бодь групп юм. Тэдний хулгай, луйвар, авлига Монголыг бүсчилсэн байгаа билээ. Тэдний ороогүй салбар, гар дүрээгүй төсөл үлдсэнгүй. Харин өнөөг хүртэл тэд хуулийн өмнө ч, Монгол Улсын хувьд хариуцлага хүлээсэнгүй. Үйлдэлдээ эмзэглэсэнгүй. Тэгвэл өнөөдрийн хяналтын сонсголд тус группын дэргэдэх Бодь интернэшнл ХХК –ийн асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тус группын дэргэдэх Бодь интернэшнл ХХК нь Богдхан төмөр замын төслийн гүйцэтгэгчээр ажиллахаар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл гүйцэтгэл байхгүй хэрнээ 43 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК-иас авч, үлдэгдэл төлбөрөө мөн нүүрсээр авахаар нууцын гэрээ байгуулж байжээ. Энэхүү гэрээг ЭТТ ХК-ийн борлуулалтын захирал Б.Серкежан 13 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийт 88 тэрбум төгрөгөөс дөрвөн сая ам.долларын хөнгөлөлтийг Бодь интернэшнл компанид олгож, ЭТТ ХК-д алдагдал үүсгэсэн ноцтой асуудал хөндөгдлөө. Ингээд нийтдээ тус компани ажил гүйцэтгээгүй, тэг хувийн үзүүлэлттэй байж улсаас 131 тэрбум төгрөгийг авсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсөл нь зогссон ч гүйцэтгэлд 131 тэрбум төгрөг авсан гэдгийг нотолгоогоор ил болгов. Тэгвэл Бодь интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Долгормаа “Манайх 43 тэрбум төгрөгийг аваагүй. Тодорхой ажлууд хийсэн. Газар дээрх зураг төсөл буюу инженер геологи, геодез, техникийн бүх өрөмдлөг судалгааны ажил хийсэн. Тэгж байж ажлын зураг хийгддэг. Захиалагч талд 4000 орчим хуудас ажлын зураг төсөл, судалгааны материалыг өгсөн байдаг” гэх тайлбар өгч байв. Гэтэл бодит байдалд Бодь интернэшнл ХХК Богдхан төмөр замын гүйцэтгэлд нэг ширхэг хадаасын ч нэмэргүй, сонсголд ирүүлсэн материалынхаа мөнгөн дүнг даруулж, дамжуулсан гэрээгээ нууцын зэрэглэлд оруулсан мөн л баримтаар ил болов. Сонсголын үеэр түр хорооны дарга Б.Энхбаяр “Голомтын Д.Баясгалан бол Монголын шүүхийг, төртэй нь худалдаад авчихсан гэж итгэж байгаа хүн. Намайг анх УИХ –ын гишүүнээр томилогдоход Улсын дээд шүүхэд өөрийнхөө хуульчийг нэр дэвшүүлчихсэн явж байсныг бид таслан зогсоож байсан. Голомтын хуульчийг Монгол Улсын шударга ёсны оройд тавихгүй. Тийм учраас эрддэг юм шиг байгаа юм. Тэгээд гүлдийгээд хариулаад байна. 13 хувийн хөнгөлөлт гэдэг бол авлига” гэж хатуухан мэдэгдлийг хийв.