Хүйтрэх тусам нийтийн тээвэр доголдож тэр хэрээр хулгайлагдсан автобуснуудын шуугиан улам ихсэж иргэдийн дургүйцэл нэмэгдсээр байна. Энэ нь “цавчаа ногоон”-ы хэрэгт холбогдсон Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, хотын экс дарга Д.Сумьяабазар нарыг “аврал хайн” бэдрэхэд хүргэсэн. Хотын дарга асан таг чимээгүй бүгсэн бол түгжрэлийн экс сайдтан наалдаж болох нөмөр нөөлөг бүрийг ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт алдарт нүүрсний сонсгол явагдаж дууслаа. Зохион байгуулагчаар нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажилласан. Хэдийгээр хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй ч асар том толгой хулгай явагдсаныг ерөнхий дүр зургаар нь харуулж чадсан. Өөрийгөө тэр хэмжээгээр “баатар” гэж үзэж байгаа ХЗДХ-ийн сайдтан өөрийх нь эсрэг гурван тэрбум төгрөгийн төсөвтэй хэвлэлийн дайралт эхлэх гэж буйг зарлалаа. Төрийн өмчит компаниудаас ийм их хөрөнгө гарах гэж буйг мэдсэн сайдтан таслан зогсоохын оронд зүгээр л цахим орчинд хэвлэлээр зарлаж суугаа нь төр бядгүйдсэнийх юм. Тэгвэл “ууланд адуу янцгаахад талд илжиг үргэнэ” гэдэг шиг явдал болж энэ дуулианар Түгжрэлийн экс сайдтан гэнэт гараад ирсэн. Тэрээр тэрхүү “нүүрсний мафи” мөн өөрийх нь эсрэг дайрах нь хэмээн зарласан олон нийтийн инээдмийг гэхээс илүүтэйгээр дургүйцлийг төрүүлсэн. Энэ нь нүүрсний хулгайн сонсгол шиг автобусны хулгайн сонсгол явуулах олон нийтийн шаардлагын шинэ давалгааг өрнүүлсэн гэхэд болно. “Цавчаа ногоон”-ы хэрэг нь нүүрсний хулгайг бодвол шинэхэн агаад холбогдогч нар нь алган дээр тавьсан мэт ил тул ганц сонсгол явуулахад “Сумаа Сүхээ” болон тэдний хамсаатнуудын бульхай гараад л ирнэ. Ийнхүү Ж.Сүхбаатар Хууль зүйн сайдад “хавчуулагдах” гэж байгаад өөр дээрээ галыг улам дуудаж байна. Иргэдийн шаардлага нэмэгдэхэд “цавчаа ногоон”-ы сонсгол явагдаж л таарна. Тэр цагт Түгжрэлий сайдтанд хавчуулагдах нөмөр олдохгүй л байх ...