alim.mn | 2024.12.22
Г.Занданшатарт зангараг байна "Заа" гэж хэлсэн түүнд баярлалаа

 Монголын улс төр нийгмийн хөгжил нэг л бишдэж, авлига бугшиж, төрийн алба төрөлжин ядуурч буруу эргэлт яваад байгаа нь тодорхой болсон. Засаг энэ асуудлыг сөхөн тавьсан ч нэг л урагш муутай, чөдөр тушаатай мэт байв. Ийм цаг, зэлтрийн гацаан дор УИХ зөв оновчтой шийдвэр гаргаж, Хөгжлийн банкны, Нүүрсний гэх мэт олон нийтийн анхаарал татсан цар хүрээ өргөн Сонсгол явуулсан нь ард олны талархал хүлээлээ. Зөв буруу, сайн муу олон зүйл ил гарав. Муу нууснаас сайн илчил гэдэгчлэн өнгөрсөн олон жилийн хугацаанд ужгирч шигдсэн элдэв схем задран, цаашдын бодлогоо тодорхойлох гарц замд гэрэл гэгээ татуулах шалтгаан боллоо гэж судлаачид үзэж байна. Энэ бүхэнд төрийн институци дотроос зангараг далайцтай хандсан нь Монголын парламент байлаа. Ард түмний төлөөллийг хэрэгжүүлдэг, ардчилсан ёсыг сахих дэгтэй Төлөөллийн байгууллага үүргээ биелүүлэв. Түүнийг удирдаж мэдрэмж мэдлэгээ чиглүүлж чадсан УИХ-ын дарга Г.Занданшатарт дамжуулан талархал хүргэхэд тал засаж, доль цохисон хэрэг болохгүй биз. Учир нь учгийг тайлж, зөв зам татуулахад төрийн хүний туршлага, зангараг, бүхэлчлэн том харах алсын хараа чухал байсныг УИХ-ын сонсгол баталж чадлаа. Түүнийг олж, мэдэрч шийдвэр гаргасан парламентийн спикерт улс орныхоо төлөө, шударга ёсны төлөө, ард олныхоо талд орж "Заа" гэж хэлсэнд баярлалаа гэж хэлье. Үнэндээ сүүлийн найдвар төлөөллийн энэ байгууллага байсныг тэр мэдэрч чадсан юм. Улстөрч хүнд байх хамгийн чухал шинж бол мэдрэмж юм. Нийгэмд бухимдал тэсрэхэд бэлэн болсон, санхүү эдийн засгийн орчин хэрхэн аалзны тор шиг болоод сүлжилдэж, бүр орооцолдсон. Түүнээс болж хөгжил явдаггүй, хүн ардын амьдрал дээшилдэггүй томоохон шалтгаанууд ил гарлаа. Энд л парламентийн гаргасан шийдвэрийн амин сүнс байлаа.

Б.ОЮУН


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ