Парламентын хяналт үргэлжлэх ёстой
Монголын парламентад энэ үед, товчхондоо Г.Занданшатарын толгойлж буй үед олон нийтийн оролцоо жинхэнэ утгаараа хэрэгжиж, анхаарал татсан сонсголуудыг амжилттай хийж байна. Гэхдээ энэ бол цаазын тавцан биш, ялын тогтоол бүр биш. Гагцхүү ил тод нээлттэй, төлөөллийн байгууллагаараа дамжуулан ард түмэн засгийн эрхээ барилцаж буй хэлбэрийн нэг илрэл гэж үзэж болох байх. Асуудлыг зөвхөн дэлгэн тавьсан, ил гаргасан, ил тодоор шүүж хэлэлцэх, зөв дүгнэж, буруу зөвийг оновчтой салгаж, улмаар шүүж шийдэхийг шүүхийн болоод хуулийн бусад байгууллагын өмнө дэлгэн тавилаа. Өөрөөр хэлбэл парламент үүргээ гүйцэтгэв. Хууль тогтоох дээд байгууллагын хяналт шалгалтын гэх том хоёрдагч үүргээ биелүүлж ажиллаж байна. Одоо нэг юм бий. Хэлмэгдүүлэлт үүсэх вий, шинэ хонгил дурдайх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд үлдсэн. Эдгээр сонсголуудад хэлцэгдсэн бүх субъект үр дүнг анхааралтай ажиглаж байгаа. Хөгжлийн банк, Нүүрсний гэх эдгээр системийн ард Монголын эдийн засгийн амьдралын эзлэх хувь өндөр тул жоомоо алах гээд үүрээ эвдчихгүйн үлгэрийг ямагт санаж, парламент хяналтаа сулруулахгүй байх шаардлагатай. Ардчиллыг сахин биелүүлэх эцсийн зогсоол бол том утгаараа Монголын парламент. Тиймээс гажуудал гарах вий, далимдсан дараагийн буруу эргэлт цэцэглэх вий. Улс төр бизнесийн бүлэглэлүүдийн урвуу хамаарал дүрээ солих вий. Өрсөлдөгчөө намнасан өөдгүй дэгээнд Парламентийн нийтийн сонсгол өгөөш болох вий гэх мэт асуудлуудад анхаарлаа сулруулахгүй байхыг УИХ- ын эрхэм төлөөлөл, түүний толгой Г. Занданшатараас хүлээж харах бас нэг шалтгаан байна. Энэ бол дахин хэлэхэд Монголын ардчилал.
Б.ОЮУН
Оруулах
Oyun Erdene
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ