Сүүлийн үед ЗТ-ийн дэд сайдаар ажиллаж байсан “шилэн” хэмээх Б.Цогтгэрэл нь намын удирдлагуудаа, “ах нараа” үг сонсдоггүй хэмээн дайрах болсон. Бүр бусдыгаа үгээ хэл хэмээн уриалсан. Өмнө нь “намын жанжин шугмаа” ямагт дэмжиж ирсэн тэрээр гэнэт өрвөлзөх болсон нь ирэх сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой гэнэ. Гэхдээ өрвөлзөөд байгаа “шилэн” Цогоогийн эсрэг гаргаж ирэх баримт ах нарт нь өвөр дүүрэн байгаа аж. Түүний нэг нь 2018 оны Оросоос оруулж ирсэн мянган ширхэг актлагдсан вагоны хэрэг юм. Тухайн үед “шилэн” Цогоо нь ЗТ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. Бүр дүрэндээ орчихсон байсан үе. Дэд сайдын хувьд төмөр замыг хариуцаж Монголын талыг ахалж байсан. Төмөр замд хэл амтайгаар хүн ч шахсан, төмөр ч шахсан гэдэг. Түүнээс хамгийн том нь тэрхүү мянган вагоны шуугиан юм. Тэрээр дэд сайдын хувьд ажлын хэсэг ахалж Оросд очихдоо тарифийн хэлэлцээр байгуулаад ирсэн байдаг. Хэлэлцээрийн хугацаа нь 25 жил байсан. Манайд ашиггүй, Оросд маш ашигтай туссан гэх энэ хэлэлцээрийн бас нэг шуугиан нь 1949 оны Монгол-Зөвлөлтийн төмөр замын гэрээг өөрчлөхгүй, өөрчилбөл тарифийн хэлэлцээр цуцлагдана гэсэн заалтыг оруулсан гэх мэдээлэл цацагдсан. Ийм эрх мэдэл дэд сайдад байтугай ЗТ-ийн сайдад ч байх ёсгүй атал хэлэлцээр байгуулагдаад “хариуд” мянган ширхэг актлагдсан вагон ороод ирсэн. Үүнийг УИХ-ын түвшинд гаргаж ярьсан хүн нь өдөөгийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр юм. Тухайн үед дэд сайд байсан ч “шилэн” Цогоогийн мянган вагоны хэргийг олны анхаарлын төвд оруулж чадсан. Харин одоо сайд болсон тул мянган вагоны “талынхан” баахан эмээж жийрхэж байгаа гэнэ. Яг одоогоор “шилэн” Цогоо хэдий чинээ “өрвөлзөнө”, төдий чинээгээр хуучны хэрэг “сэдрэх” магадлал өндөр болоод байгаа аж.