Хулгайд алдсан бөгжнүүдээ хохирогч нь 2016 оны 12-р сард Италид аялж байхдаа 6,2 граммын цул кольцог 1000 еврогоор, 6,8 граммтай 4 каратын хар очир алмаз шигтгээтэй алтан бөгжийг 8000 еврогоор тус тус худалдаж авсан байжээ. Болсон явдлын тухайд бүсгүйчүүдэд сургамжтай аж. Хохирогч бүсгүйг гэртээ байхад нь найз эмэгтэй нь утасджээ.
“... миний найз залгаад хоёулаа уулзах уу гэхээр нь би “за тэгье, чи манай гэрийн ойролцоо хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд 10-р хорооллоос намайг ирж аваад бид хоёр дэлгүүр орж Ауруг нэртэй 0,75 литрийн архи нэг шилийг аваад найзындаа очиж уусан. Орой 21 цаг өнгөрч байхад бид хоёр ойрхон байсан "Элсэн цаг" нэртэй нийтийн караоке орж, дуу дуулаад пиво уугаад байж байтал нэг залуу ширээнд хамт суусан. Тэгээд бид гурав хамт дуулж байгаад 01 цагийн орчим караокеноос гарсан. Гараад найзынхаа гэрт ороод нэмж уусан. Уугаад би орон дээр нь, тэр хоёр газраар унтсан. Маргааш өглөө эрт тэр залуу гараад явсан. Би сэрээд зүүн гарын ядам хуруунд байсан хоёр ширхэг алтлаг монетон бөгжөө алга болсныг мэдсэн ...”
Тэр залуу нь 33 настай Д.Дэлгэрбуян байжээ.
“... Би 20:00 цагийн үед Элсэн цаг караокед ороод суух гэтэл сул ширээ байхгүй байсан тул шахаад суучих гээд хоёр эмэгтэй сууж байсан ширээнд суулгасан. Тэр хоёр эмэгтэйтэй танилцаад архи, пиво хувааж ууж дуулсан. Караоке хаахад нэг нь манайд очиж архи ууя, манайд архи байгаа гэхээр нь гэрт нь хамт очоод 0.75 литрийн архи хувааж уусан. Үүрээр би нэгнийх нь банкны картыг аваад дэлгүүр явж ахин нэг шил архи авчирч уусан. Ингээд тасраад унтаад өгсөн. Өглөө нь босоод гэрээс нь гарахдаа нэг эмэгтэйн хуруунд байсан хоёр бөгжийг авч гараад ломбардад тавих гэтэл хаалттай байсан. Тэгэхээр Хархорин худалдааны төв рүү яваад 32-ын буудал дээр байх алт мөнгөний дарханд үзүүлсэн чинь монетон бөгж байна, граммаар нь бодож байгаа шүү гээд 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Дархан шигтгээ нь хэрэггүй гээд надад буцаагаад өгсөн, би тэр шигтгээг нь өмднийхөө халаасанд хийж яваад хаячихсан ...”
Алт мөнгөний дархан хоёр бөгжийг хайлуулаад хүнд юм хийж өгчээ. Энэ явдлаас болж найз хоёр эмэгтэй муудалцжээ. Алдсан хүн арван тамтай гэгчээр бөгжөө алдсан Э.У нь цагдаад өргөдөл гаргасан байна. Хэрэгтнийг камерийн бичлэгээр барьсан. Шинжээч хоёр алтан ээмгийг нийтэд нь 17 сая төгрөгөөр үнэлжээ. Шүүх хэрэгтнийг нэг жил хорих ялаар шийтгэсэн. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй тул хохирогч эмэгтэй хохирлоо барагдуулж чадаагүй байна. Караокед танилцсанаас эхлээд дуулах, уух идэх бүх мөнгөө даалгасан залуу нь ингэж муухай загнасанд эмэтэйчүүд ихэд гомдсон гэнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.