УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Монголбанкны тэргүүн дэд eрөнхийлөгч Г.Дөлгөөн ажлаа өгч УИХ-д нэр дэвшихээр болжээ.
Г.Дөлгөөн 1989 онд төрсөн. 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2020 оны 5 дугаар сард томилсон билээ. Г.Дөлгөөний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1 тэрбум 930 сая төгрөг. Бог бод мал нийлсэн 600 гаруй малтай, 7 байршилд газар эзэмших, өмчлөх газартай гээд 30 гаруйхан насанд чамгүй бэлтэй нэгэн.