alim.mn | 2024.12.23
Өмхийрсөн мах бэлдсэн “Эм Ди Си Пи” компанийн хятад захирал эхлээд цагаадсан ч хоёрдахь шүүх хурлаар орж 25 сая төгрөгөөр торгууллаа

Өнгөрсөн онын 3-р сард Нийслэлийн Прокурорын газраас “Эм Ди Си Пи” ХХК болон захирал нь болох БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/-д “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 5-р сард нь  шүүгч С.Сэржмядаг даргалан энэ оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан аж. Харин ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог их хэмжээгээр хадгалсан үйлдэлд нь 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал саяхан болж “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/ нарыг “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,   БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-д  нийт 25.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.  Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн 5 хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгийн нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгаж шийдвэрлэлээ.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ