alim.mn | 2024.12.23
Хүчиндсэн хүчиндүүлсэн гэх хоёрыг 5.8 сая төгрөгөөр “тохиролцуулсан” мөрдөгч өөрөө буруутан болж шийтгүүлжээ

Ийм нэгэн “сайн” санаат мөрдөгч Дорнод аймгаас нийслэлийн ... дүүргийн Цагдаагийн ...-р хэлтэсд томилогдон ажиллаж байгаад энэ хэргээс болж татагдан өдгөө аймгийн төвөөсөө 1.2 жил гарах эрхгүй болж нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулжээ. Хүчингийн хэрэгтэй холбоотой тул холбогдогчдийн нэрийг дурдахгүйгээр болсон явдлыг өгүүлэхэд хохирогч эмэгтэй Б.Н нь өнгөрсөн оны 4-р сард шөнийн 01 цагийн үед “Их Монгол” рестораны зам дээрээс таксинд суугаад Нэгдүгээр төрөхийн орчим байрлах найзынхаа гэр лүү хүргүүлжээ.

“... улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашины жолооч Нэгдүгээр төрөхийн зогсоолд зогсоод миний биед халдаж намайг хүчиндсэн. Би 102 тусгай дугаарт залгаж “намайг хүчиндээд бөгж алга болсон” талаар мэдэгдээд дараа нь ...-р хэлтэст очиж мөрдөгч Т.О тай уулзан мэдүүлэг өгөөд автомашины улсын дугаарыг хэлсэн. Ингээд дугаараар нь автомашин эзэмшигч Л.Б-г олж дуудсан. Ирэнгүүтээ бөгж чинь байгаа шүү гээд миний бөгжийг хүлээлгэн өгсөн. Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж шалгана гэхэд Л.Б  надаас уучлалт гуйж хэрэг битгий үүсгээч, хохирлыг барагдуулъя гэж маш их гуйсан учир зөвшөөрч 5,800,000 төгрөгийг бэлнээр авч бичиг хийж солилцсон. Тэгээд миний 102 дугаарт өгсөн дуудлага мэдээллийг Зөрчлийн тухай хуулиар худал дуудлага мэдээлэл өгсөн болгож өөрчлөөд 50,000 төгрөгөөр торгосон. Авсан мөнгөнөөсөө 400 мянгыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...”

Таксичиний эхнэр мөнгө өгсөнийг баталжээ.

“... Цагдаагаас нөхрийн хамт яаралтай ир гэхээр нь очсон.  Эхлээд нөхөр Б  уулзахаар орсон. 20 орчим минутын дараа мөрдөгч нөхрийг гаргаад намайг оруулсан. Манай нөхөр ямар хэрэгт холбогдсон талаар огт яриагүй, нөхөртэйгөө нөхөн төлбөрөө ярилцаад ороод ир гэсэн. Би цагдаагийн газрын 4 давхарт гарч нөхөртөйгээ яриlцахад тэрээр хохирогч эмэгтэйд 5,000,000 төгрөг өгөхгүй бол би шоронд орлоо гэх зэргээр бачимдсан. Тэгээд буцаж ороход хохирсон гэх эмэгтэй, байцаагч хоёр байсан. Би тэр эмэгтэйгээс “ яг хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ” гэж асуухад 8,000,000 төгрөг бас нөхрөөрөө надаас уучлалт гуйлга гэж хэлсэн. Нөхөр уучлалт гуйгаад нэхсэн мөнгө арай их байна гэхэд энэ мөнгө хаана ч хүрэхгүй, би гадаадад эмчлүүлнэ гэх зэргээр уурласан. Мөрдөгч та хоёр яваад 16 цагаас өмнө мөнгө  олоод ир гэсэн. Мөнгө олдохгүй болохоор нь мөрдөгч рүү ярихад 6,000,000 төгрөг болно гэсэн. Ингээд нөхрийн нэр дээр байдаг хадгаламжийг барьцаалж зээл аваад мөрдөгчийн өрөөнд 5.8 сая төгрөгийг бэлнээр оруулж өгсөн ...” 

Хуулиараа мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсхүл хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргаад материалаа прокурорт шилжүүлэх ёстой. Прокурор хууль зүйн дүгнэлт хийгээд гэмт хэргийн шинжгүй байвал хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хуурамч дуудлага өгсөн нь тогтоогдсон бол Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээ авахыг даалгаж шийдвэр гардаг. Гэтэл энэ ажиллагаа явагдахгүйгээр шууд хохирогч, холбогдогчийг хооронд нь тохиролцуулсан үйлдэл нь  хүчиндсэн хэмээх этгээдэд давуу байдал олгосон хэрэг болжээ. Уг нь ингээд “тохиролцоод” дуусах ёстой атал таксичиний эхнэр ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэст мөрдөгчид холбогдуулан гомдол гаргаснаар энэ хэрэг илэрчээ. Нөхрийх нь хэрэг ч сөхөгдөхөөр болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ