alim.mn | 2024.12.23
Хууль зүйн сайд Б.Энхбаяр “нямдоржиж” эхэлжээ

Хууль зүйн сайд Б.Энхбаяр дэд сайд байхаасаа эхлээд л хулгайг ярьж эхэлсэн. Хамгийн том нь ЗТХ-ийн дэд сайд асан “шилэн” хэмээх Б.Цогтгэрэлийн актлагдсан 1000 вагоны хэрэг байсан. УИХ-ын чуулган дээр “гаалийн” хэмээх Ш.Альшаагийн тухай “намайг их сургуулийн оюутан байхад л сонинд гаалийн Адьшаа хэмээн бичигддэг байлаа” хэмээн мэдэгдсэн. Энэ мэт жишээ олон. Хууль зүйн дэд сайд болсон улстөрчдийн булхайн баримтыг улам сайн мэддэг болсон биз.  Түүний удирдсан нүүрсний сонсголын үеэр гэмт хэргийн шинжтэй олон арван баримт яригдлаа. Эдгээрийг хууль хяналтынхан шалгадаг юм байгаа биз гэхэд сонсголын дараа сайдтан “төрийн өмчит компаниудаас гурван тэрбум төгрөг намайг намнах зориулалттайгаар хэвлэл мэдээлэл рүү гарлаа” хэмээн мэдэгдсэн. Хэрвээ энэ үнэн бол энэ нь цэвэр хулгай юм. Хулгай гарах гэж байгааг сайдтан мэдсэн ч таслан зогсоох буруутай этгээдүүдийг илрүүлэх талаар юу хийсэн нь тодорхойгүй. Манайд яг иймэрхүү нэгэн Хууль зүйн сайд байсан нь бүхний танил Ц.Нямдорж юм.  Том хар дэвтэртэй байсан гэдэг. Улстөрийн хүрээнийхэний хийсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөж байгаа бүх хулгайг мэддэг, ярьдаг. Гэсэн ч нэг ч том хэрэг илрээгүй, шийдэгдээгүй. Улстөрийн хүрээнийхэн Ц.Нямдоржоос илүүтэйгээр түүний хар дэвтрээс айдаг байсан гэдэг. Сонирхолтой нь Б.Энхбаяр түүний дэд сайд нь байсан агаад таарамж муутай хамтран ажилласан. Энэ тухайгаа ч өөрөө хэвлэлээр ярьж байсан. Тэгвэл Б.Энхбаяр өөрөө “нямдоржиж” эхэлж байгаа нь хулгай гарах гэж байгааг ярьдаг болсоноос нь харагдаж байна. Дараа нь тэр ярьсан хулгай нь гараад, буруутнууд нь шийтгэгдэхгүй бол бүрэн “нямдоржиж” дууссан гэсэн үг юм. Дургүй хүнтэйгээ адилхан болно гэдэг нь цаагуураа түүнтэй адилхан байсан болж таарч байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ