Б.Дэлгэрсайхан хэмээх МАН-ын “шилдэг” сайдаар удирдуулсан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны хамтарч ажилладаг ТББ-ууд гэхээр хэний ч санаанд зам тээвэр, автозамын чиглэлийх байх гэсэн бодол орж ирнэ. Гэтэл үгүй аж. Ажлын албаны хамтарч ажилладаг ТББ-уудын дунд нэрэнд “авто зам”, “тээвэр” гэсэн үг орсон нэг ч ТББ алга. Нэрэнд нь ороогүй бол үйл ажиллагааных нь чиглэл ч авто замтай холбоогүй байж таарна. Харин Б.Дэлгэрсайханы цэргүүд “Боловсролтой Монгол хүн”, “Чинад нууцын Монгол”, “Оргилд хүрэх алдар” гэх зэрэг нэртэй ТББ-уудтай гар санаа “нийлэн” ажиллаж иржээ. Монголчуудын боловсрол их л алсуураа явж явж нийслэлийн авто замын түгжрэлтэй холбогдох байх. Тэгээд ч сайд нь “хотынхоныг автобусанд суух соёлд сургана” гэж айлдсан. Ингээд л “Боловсролтой Монгол хүн” ТББ-тай хамтарч ажиллаж байгаа гэх эхний таамаг төрж байна. “Чинад нууцын Монгол” ТББ-ыг нэрнээс харахад манай орны нууцыг тайлах гэж бидэрдэг бололтой. Чингис хааны онгон, Барон Унгерний алт гээд манайх түм буман нууцаар баялаг. Энэ чиглэлээр л “ажилладаг” баймаар ТББ яаж яваад хотын түгжрэлтэй холбогдсон нь гайхалтай. Эсвэл түгжрэлд ямар нэгэн нууц байгаа гэж ажлын албаны “мундагууд” үзсэн байх. Тэгээд л “Чинад нууцын Монгол”-ыг урьжээ. “Оргилд хүрэх алдар” ТББ гэхээр хэрвээ Б.Дэлгэрсайхан хэрвээ түгжрэлийг тайлж чадвал жинхэнэ оргилд хүрч чадна гэсэн бодол төрж байна.