Энэ явдал Эрдэнэт хотод шөнийн 01 цагийн үед Уурхайчин багийн “Хаан бууз”-ны орчим болжээ. Тухайн эмэгтэй хоёр найзын хамт бие засах, хоол идэхээр орохдоо дээрхи эд зүйлсээ танихгүй жолоочтой таксинд үлдээжээ. Жолооч С.Ганхөлөг нь цаг гаруй хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн гэнэ.
“... Таксинд явж байсан чинь гурван эмэгтэй зогсож байхаар нь авсан, ...“Хаан бууз” руу орчиход гараад ирье гэж хэлээд буусан. Машин дотроо хүлээж сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Маргааш өглөө нь аав над руу залгаж, “цагдаагаас чамайг асуугаад байна.” гэхээр нь би Орхон аймаг руу орж цүнх, цүнх дотор байсан эд зүйл, “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” зэрэг эд зүйлсийг нь таксинд суусан эмэгтэй хүнд хүлээлгэж өгсөн...”
Эрдэнэт ажилладаг Т.С-ын мэдүүлснээр тэд “Хаан бууз”-нд бие биенээсээ “төөрчээ”.
“... Одноогийн найзыг Дэнж багт гэрт нь хүргэж өгчихөөд эргээд төв рүү орж, Уурхайчин баг “Хаан бууз” дээр ирж Одноо “бие засчихаад гараад ирье” гэсэн. Би араас нь хоол идэхээр орохдоо уг такси дотор “Dior” брендийн эмэгтэй жижиг гар цүнх, 128GВ-ийн багтаамжтай “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” загварын ухаалаг цагийг үлдээсэн, цүнх дотор “Oriflame” брендийн эмэгтэй хүний үнэртэй ус, “Хаан” банкны алтан виза карт, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын үнэмлэх, ажлын 5 ширхэг төмөр түлхүүр байсан. Гар утас, цаг хоёроо такси дотор цэнэглээд голын хайрцаг дотор тавьчихсан байсан. Хоол идчихээд гараад иртэл такси явчихсан, Одноо байхгүй байхаар нь “эд зүйлээ алдчихлаа” гээд цагдаад хандсан ...”
Алдсан эд зүйлс нийтдээ бараг зургаан сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Өөр эмэгтэй байсан бол үнэтэй эд зүйлээ хийсэн цүнхээ буун буутал элгэндээ тэврээд явах байсан. Тэгвэл өндөр цалинтай “Эрдэнэт” үйлдвэрийнхэн үнэтэй эд зүйлдээ нэлээд хайнга ханддаг аж. Бодвол алдсан ч ахиад авчих боломжтой тул тэгдэг биз.. Тийм ч учраас мэргэжил, ажлын байраа бусдад биш зөвхөн өөрсдийн хүүхдүүдэд өвлүүлнэ гээд тун харам байдаг гэнэ. Шүүх гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж жолоочийг цагаатгажээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.