Манайд хамгийн сүр дуулиантай тэмдэглэдэг мэргэжлийн баярын нэг нь багш нарын баяр юм. Энэ баярт сурагчид эцэг эх, сургууль, хороо дүүрэг хотын захиргаа гээд бүгд л оролцдог. Баярын ерөнхий уур амьсгал нь алга ташилтаар дүүрэн баярын хурал, шагнал одон медаль, цэцэг тэгээд урлагийн тоглолт, хүлээн авалтаар дуусдаг. Иймэрхүү “шоудсан” хэлбэрээр зохион байгуулдаг арга барилаасаа төрийн байгууллагууд салахгүй байна. Үүнтэйгээ хамгийн их зууралддаг нь НЗДТГ гэхэд болно. Хотын дарга нарын гаргадаг баярын хөтөлбөр нь үндсэндээ хурал, шагнал цэцэг, урлагийн тоглолт юм. Үүнд маш их хөрөнгө зарцуулдаг агаад эцсийн ашиг нь багш нарт бус урлагийнханд тодруулбал тодорхой нэгэн бүлэг уран бүтээлчид театр эсвэл ТББ-д очдог. Өнгөрсөн онын багш нарын баярын арга хэмжээнээс үүнийг тодорхой харж болно. “Хүний хөгжлийн тэгш оролцоо” ТББ багш нарын баярын арга хэмжээний урьдчилгаа хэмээн 13.9 сая төгрөг авчээ. Мөн энэ зорилгоор “Шидэт хайрцагны театр”-д бүр 17.7 сая төгрөг өгсөн байна. Тэгвэл “Эн ди ар протерти” компани 16.2 саяыг, нэрнээс харахад бас л урлагийн хамтлаг байж магадгүй “Сайн уу мөрөөдөл минь”-д 13.5 сая төгрөгийг тус тус өгчээ. Нийт дүн нь 59 сая төгрөг болсон нь нэг багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд, хоёр ч багшид орон сууцны зээлийн урьдчилгаа өгөхөд хангалттай хүрэлцэх мөнгө юм.