Өнгөрсөн оны зун Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт орших Авдар баян уулыг цагдаагийн хамгаалалттай байхад нь цагдааг постноос нь буулгаж байгаад ухаж “хүчээ” харуулсан алтны “мафи” бүлэглэлийн хэрэг мандсан. Энэ хэрэгт холбогдсон сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч В.Б, мөн цагдаа жолооч Б.Э нар шүүхээр шийтгүүлээд байна. Уулын алтны судал нь яг орой дээрээ байдаг. Анх 2021 онд нутгийн иргэд болох Наранхүү Батсүх нар ухсан гэнэ. Тэр дороо л алт сайн гардаг гэсэн яриа дэгдсэн. Энэ хэргийн гол зохион байгуулагч нь өдгөө хотод амьдрч байгаа Т.Бат-Эрдэнэ гэнэ. Тэр л цагдаа нартай ярьж эксковатор авчирах үед хамгаалалтын постноосоо буухаар тохирчээ. Тохиролцоо ёсоор уулын оройн алтны судлаас нэг машин шороо авч угаагаад гарсан алтыг нь хувааж авах байсан. Бат-Эрдэнийг Заамар сумын Салтгар гэдэг газар малчин Батхишигийн өвөлжөөнд ирээд Авдар баян уулын хамгаалалтын постын гэр лүү харахад хажууханд нь шар өнгийн “HYUNDAI 300LC” эксковатор зогсож байсан гэнэ. Эксковаторыг Т.Чимэдцэрэн буюу нутгийнханы Хургаа гэж дууддаг залуу сарын 25 сая төгрөгөөр түрээслэн карьер лүү орсон замыг даруулахаар авчирсан байжээ. Хургаа нь эксковторыг түрээслэнээс гадна мөн хотоос Анар гэдэг оперторыг 200 мянган төгрөгөөр авчирсан. Бат-Эрдэнэ оператортой уулзан уулын оройгоос хэдэн “чулуу” авахуулах ажил хийлгэх санал тавихад босс болох Хургаатай яриулжээ. Босстой нь яриад түрээсийн эксковаторыг нь хоёр сая төгрөгөөр “давхар” түрээсэлсэн. Түүнээс гадна хувьдаа “HYUNDAI 3000LC7” маркийн эксковатортой Ц.Баасанжаргалыг мөн хоёр саяар түрээсэлж авчээ. Энэ үед цагдаа нар тохирсон ёсоороо постоо орхин буусан тул уулын орой луу хөдөлжээ. Гэхдээ тэднийг цагдаагийн постын гэрээс нэг км зайтай оршдог компанийн манаач харжээ. “Мафи”-ийнхэн түүнийг “хяналтандаа” авсан ч тэрээр яаж ийгээд холбоо барьж чадсан.
Ингээд хэрэг илэрчээ. Тэр даруй сумаас цагдаагийн шуурхай хэсэг хөдөлсөн. Цагдаагийн бараанаар “мафи-ийнхан ухсан нүхээ санд мэнд булаад уулын оройгоор бууж амжсан. Бууж яваад Анар нь цагдаатай халз тулжээ. Харин Баасанжаргал нь “Контор Пойнт” компанийн карьерт эксковатороо нуугаад цаашаа явган зугтсан гэнэ. Постоо орхиж буусан цагдаа “... найз ирээд машины дугуй нь хагараад, туслаач гэхээр нь СОВ-оос машин дуудаж постоо орхиж яваад, найздаа дугуй хүргэж өгөөд, Заамарын төв орж архи уугаад буцаад ирсэн чинь ийм юм болчихлоо...” гэсэн адал явдалт кино шиг тайлбар тавьжээ.