ГХО-ийн тухай хуулийн ард иргэдийг айлгах гол “мангаа” нь газраа гадныханд алдах нь гэсэн айдас юм. Үүнийг Палестиний жишээгээр “нүдэнд харагдтал” ярьсан нь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн. Тэрээр “Израйлийн мөнгө хүүлэгчид Палестиний газрыг худалдан авч, түрээсэлж эхэлсэн. Одоо газар нутгийнхаа ердөө 20-хон хувьд нь уугуул иргэд нь дайнд нэрвэгдэн аамьдарч байна. Энэ түүхийг бид давтах гээд байна” гэж айлгав. Одоо ч манай малчид гадныханд хөөгдөж туугдан малаа бэлчээрлүүлж ч чадахаа байсан нь үүний жишээ гэнэ. Энэ талаархи баримт бичлэг цахимаар дүүрэн байгааг Баянхонгороос сонгогдсон гишүүн анхааруулав. Израйльчууд манай газар шороог булаасан дээрэмдсэн гэдэг нь Палестиний “Хамас” бүлэглэлийн гол ярьдаг сэдэв нь, алан хядлагаа зөвтгөдөг ганц шалтгаан нь юм. Үүнийг манай улсын парламентийн индэр дээрээс ярьж суугаа гишүүнийг “Хамас”-ын байр суурийг илэрхийлэгч гэхээс өөр яах билээ. Тэгвэл түүний хажууханд цогт тэмцэгч, халуун эх оронч “хиншүү” С.Ганбаатар суудаг нь тохиолдолын хэрэг биш юм. Тэрээр мөн л ГХО-ын эсрэг олон жил “ариун дайн” явуулж байна. Мусульман шүтлэгтнүүд ариун тэмцэлээ “Жихад” гэдэг. Оюутолгой тэргүүтэй гадных хөрөнгө оруулагчдын эсрэг “эвлэрэшгүй” тэмцэж ирсэн С.Ганбаатарыг “Жихад” гэхэд “үнэн”-ээс нэг хол зөрөхгүй биз. Ийнхүү манай парламент тохой нийлүүлэн суудаг “Хамас”, “Жихад” хоёртой болжээ.