12 жилийн өмнө буюу 2012 онд гарсан энэ хэргийг саяхан шийдвэрлэжээ. Сэлэнгэ аймгийн харьяат Б.Баяртогтох нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126,2,6 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр ял эдлэх хугацаандаа аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байжээ. Ингээд 2012 оны 8-р сарын 29-ноос 30-нд шилжих шөнө албаны хянагч, ахлах халагч П.Батбаярын өгсөн түр чөлөөгөөр гарч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р багт оших “Соёмбо” дэлгүүрийн хажууд танилуудтайгаа архиджээ. Энэ үеэр амь хохирогч Т-ийн нүүрэн тус газар цохиж тархины хүнд гэмтэл учруулан хүнийг алсан хэрэгт холбогдсон.
“...Баяртогтох, Дөлгөөнөө, Ганаа, Бачка нар манай гэрийн замын хажууд 0,75 граммын архи задлаад талд нь ортол уугаад байтал зам дагуу манай гэрийн зүг хоёр хүн ирж байсан. Бяартогтох намайг таних нь уу үзнэ гээд өмнөөс нь очсон. Очоод намайг таних уу гээд хашхирч байх нь сонсогдсон. Дөлгөөнөө араас нь гүйгээд удалгүй орилж хашхиралдаад хоорондоо зодоон цохион болоод явчих шиг болохоор нь Бачка Соёмбо хоёр очсон. Тэгэхэд Ганаагийн дээр Ээгий, амь хохирогчийн дээр Баяртогтох гараад суучихсан байсаныг өргөж татаад холдуулсан. Амь хохирогч босохгүй дээшээ харсан байдалтай, хөдлөхгүй хэвтээд байсан. Буцаад ирэхэд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Баяртогтох түүнийг өөр лүүгээ харуулж байгаад нэг удаа нүүр лүү нь алгадтал амь хохирогч босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан тэгээд цаашаа ямар нэг чимээ сонсогдоогүй...”
Хэрэг гарсанаас хойш 6-7 жилийн турш төмөр замын осол гэж үзэж байжээ.
“Улаанбаатар” төмөр замын замын хяналтын байцаагч “Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй” гэх дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч нь нийт 1343 хоног цагдан хоригдсон. Шүүх шүүгдэгчийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутай гэж үзэж 12 жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн амь хохирогчийн ар гэрт 32 сая төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр болсон. Харин чөлөө олгосон ахлах ахлагчийн хувьд хэрэг гарсанаас хойш 3,8 жилийн дараа л албан ажилдаа хайнга хандсан хэмээн эрүүгийн хариуцлагад татагдсан ч 2015 оны Өршөөлийн хуульд хамруулжээ. Дээрхи 12 жилийн хугацаанд амь хохирогчийн ар гэрийнхэн хэргийн араас туйлбартай явж хөөцөлдсөн байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.