Г.Золбоо нь Оюутолгойн гал унтраах, аврах үндсэн үүрэгтэй ослын багийн үндсэн ажилтан хотын харьяат аж. Харин түүний “хамтрагч” С.Соронзонболд нь Өмнөгрвь аймгийн Манлай суманд төржээ. Тэд хамтран нийт 47 хүнээс 3-15 сая төгрөг авч нийт 365 сая төгрөгийг “Оюутолгой” компанид үндсэн ажилтнаар оруулна хэмээн залилж авчээ. Гайхалтай нь С.Соронзонболд нь өөрөө ч ажилд орохоор мөнгө өгч залилуулсан гэнэ. Мөн сурталчлагч,зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Тэрээр “Оюутолгойд үндсэн ажилтнаар оруулдаг хүн байдаг” гэх мэдээллийг сайн тараажээ. Хүмүүсийг ч их ятгаж байжээ.
“... Чи хүнд итгэж сур, дуртай үедээ мөнгөө буцаагаад ав...”
Ажилд орох гэсэн хүмүүсээс мөнгийг авч Золбоод дамжуулахдаа 500 мянгаас хоёр саяыг нь “халаасалдаг” байсан. Үндсэн ажилтнаар оруулдаг хоёрын тухай яриа их тархсан тул сүүлдээ хүмүүс өөрсдөө сураглан ирж мөнгөө өгдөг болжээ. Оюутолгойд түр хугацаагаар ажилладаг болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид үндсэн болох гээд олноороо залилуулжээ.
“... 2022 оны 09-р сарын сүүлээр манай найзын аавын найз Золбоо гэдэг хүн найдвартай ажилд оруулж өгнө, найман сая төгрөг өгөөд асуудалгүй ажилд оруулж өгдөг гэхээр нь очиж уулзсан. Уулзахад “баталгаатай ажилд оруулж өгнө, эхний ээлжинд урьдчилгаа таван сая төгрөг гэж хэлсэн..."
"... Манай хүргэн ах Болдоо гэдэг хүний найз Золбоо гэдэг хүн мөнгө авч хүмүүсийг Оюутолгой компанид оруулж өгч байна. Чи орох уу" гэж асуухаар нь зөвшөөрөөд утсыг нь авч ярьсан. Ярихад тэр хүн "Ах нь үндсэн компанид хүн ажилд оруулж өгч байна. Яаралтай гурван хүний ажлын байр байгаа. Нэг хүнийг таван сая төгрөгөөр оруулж өгч байгаа. Ах нь өнөөдөр ажлаасаа бууна. Миний дүү ахыгаа буухаас өмнө мөнгөө өгчихвөл сайн байна шүү..."
Ийнхүү олон хүн өр зээл тавин нэхсэн мөнгийг нь өгчээ. Гэсэн ч Золбоо, Соронзонболд нар таг болжээ. Сүүлдээ Золбоо нь Соронболддоо ч олдохоо больжээ.
“... Би Золбоод итгэсэн, итгэтэл ярьсан. Адилхан эр хүн байж нэгэндээ итгэхгүй байлтай нь биш гээд итгэсэн минь үнэн. Сүүлд нь мөрийтэй тоглодог гэж хүнээс сонсчхоод мөнгөө авъя гэж хэлтэл уулзъя гэж хэлсэн. Уулзахад нь “...ийм олон хүмүүсээс мөнгө авсан, дам дамаар нь намайг чирчихэж байгаа юм уу” гэхэд “...тийм зүйл байхгүй хөгшөөн, мөнгө цаас нэхээд байгаа хүмүүстээ миний дугаарыг өг, асуудал байхгүй” гэсэн...”
Мөрдөн байцаалтын шатанд С.Соронзонболд нь нийт 70 гаруй сая төгрөгийн хохирол барагдуулсан тул хорих ял авалгүйгээр 13 сая төгрөгөөр торгуулжээ. Н.Золбоод гурван жилийн хорих ял оноожээ. Хохирогчдын ихэнхи нь мөнгөө авч чадаагүй байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.