Хөгжлийн банкны удирдлага болох ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нар хоёр жил, харин гүйцэтгэх захирал Б.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял оноосон. Экс ТУЗ-ийн дарга гишүүн хоёр ТУЗ-ийн гишүүний бүрэн эрх гэгчээр буруудсан. ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нь УУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа 2012 оны 10-р сард Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Харин Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга болсон. ТУЗ-ийн гишүүнийг гурван жилийн хугацаатайгаар зөвхөн Засгийн газраас томилж мөн чөлөөлөх ёстой. Ингээд хугацаа нь болсон тул 2015 оны 1-р сард газрын дарга Ч.Отгочулууг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн. Энэ тухай Хөгжлийн банкныхан “мэдээгүй” байжээ. Гэхдээ “гадарлаж” байсан аж. Ч.Отгочулуу нь “докторантурт суралцахаар ажлаасаа түр чөлөө авсан” гэдгээ ТУЗ-ийн даргадаа амаар хэлжээ. Экс дарга ч үүнийг нь баталсан мэдүүлэг өгсөн. Гэсэн ч таван сарын дараа буюу 2015 оны 6-р сарын 16-ны ТУЗ-ийн хуралд Ч.Отгочулуу оролцсон. Энэ нь тун “чухал” хурал байсан агаад ХХБ-наас обьектыг нь худалдан авах асуудлыг хэлэлцсэн. ТУЗ-ийн гишүүдийн 2/3 нь хуралд сууж байж ирц бүрдэх агаад чөлөөлөгдсөн гишүүн ирсэнээр ирц бүрдэж худалдан авах шийдвэр гаргажээ. Чөлөөлөгдөн гишүүн ТУЗ-ийн хуралд суусан тухайд Б.Шинэбаатар нь “ТУЗ-ийн дарга банкны дүрмээр хурдыг зарлан хуралдуулах, гаргасан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих үүрэгтэй. ТУЗ-ийн хурлын ирц, хуралд оролцох гишүүдийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулдаггүй” гэжээ. Уг хурлаар ХХБ-ны 3294 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг ажлын байрны зориулалтаар 27,5 тэрбум төгрөгөөр худалдан авахыг гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад даалгасан шийдвэр гаргасан. ХХБ нь барилгаа нийт 31,2 тэрбум төгрөгөөр барьсан атлаа түүний 11,12-р давхарын 3240 м,кв талбайг В1 давхрын 10 ширхэг автомашины зогсоолын хамт 27,5 тэрбумаар зарж чадсан юм.