Манайд чөлөөт бүс нь дарга нар нь л “чөлөөтэй” хөлждөг, дураараа дургидаг газар болоод уджээ. Чөлөөт бүсийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр хамгийн удсан нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн И.Батнасан байх. Тэрээр 2016 онд томлогдоод тэрнээсээ хойш дорхноо “нэрд” гарсан. Саяхан экс үүрэг гүйцэтгэгч төсвийн 108 сая төгрөгийг зориулалт бусаар ашигласан, ”Алтайн ундрах шанд чөлөөт бүс” компанид газрын байршил сольж өгсөний төлөө няравийнхаа дансаар дамжуулан таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллагдсан. Түүнтэй хамт санхүүгийн хэлтсийн дарга нь, ерөнхий нягтлан нь шүүгдсэн. Газрын тухайд экс үүрэг гүйцэтгэгч нь дээрхи компанийн 0,4 га газрыг чөлөөт бүсийн 3-р хэсгийн гол замын дагуу худалдаа үйлчилгээний үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай байрлалыг нь өөрчилсөн өгчээ. Үүний хариуд орж ирсэн таван сая төгрөгийг хандив гэж “гүрийсэн”. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан тухайд хохирогчоор ЭЗХЯ тогтоогдож 108 сая төгрөгөө нэхэмжилсэн байна. Экс үүрэг гүйцэтгэгч томилогдож очоод чөлөөт бүсийн мэргэжлийн албадын байрыг дур мэдэн түрээсэлж эхэлсэн гэнэ. Дэлгүүр, цайны газар, Голомт, Хаан, Төрийн банкны АТМ-уудыг байршуулсаны түрээсийн орлогыг хувийнхаа дансаар авдаг байжээ. Үүнийг нь ТӨБЗГ-аас бичиг ирж байж болиулсан аж. Түүнээс гадна ажлын албаны “03-81ҮНҮ” дугаартай “Тоёото ланд крузер” машины орлогоос ч авдаг байжээ. Жолооч Д.Баярболд нь нэг жилийн дотор 245 удаа хил нэвтэрчээ.
Мөн Бүртгэл санхүүгийн хэлтсийн даргын хүү, нягтлан бодогчийн эхнэр нарыг хууль бусаар ажилд авч ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн хэмээн өөрийгөө “цагаан толгойтой өвгөн” гэж тодорхойлсон үүрэг гүйцэтгэгчийн маапаан ээлж дараалан гарч иржээ. Гэсэн ч шүүх төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж их хэмжээний хохирол учруулсан нь хангалттай нотлогдоогүй гэж үзсэн. Харин таван сая төгрөгийн хахуулийн тухайд хэрэг явдал ингэж өрнөсөн байна. Шүүх үүнийг нь гэмт хэрэг гэж үзсэн тул үүрэг гүйцэтгэгч хүсэлт гаргаж хуралдааныг түр завсарлуулаад тэр хооронд амжиж таван сая төгрөгийг АТГ-ын дансанд тушаажээ. Ингээд хохирлоо төлсөн, нас өндөр болсон зэргийг нь харгалзаад тэтгэвэрийн И.Батнасанг нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр, Баганхангай дүүргээс гарах эрхийг нь нэг жилээр хасаж шийтгэсэн байна.