
Шатамхай хийн дэлбэрэлтийн ослын дараа хөөрхий Шадар сайдын ажлын алба, ОБЕГ бараг л төсөв мөнгөгүй гэх шуугиан дэгдсэн. Гэтэл мөнгөтэй л байсан юм байна. Бүр тэрбум тэрбумаар нь цацдаг аж. Гамшгаас сэргийлэх ажлын нэг “салшгүй” хэсэг нь иргэдэд мэдээллийг цаг алдалгүй тухай бүрд нь хүргэх явдал гэнэ. Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн оны зун тушаал гаргаж 1,6 тэрбум төгрөгийг ОБЕГ-д шилжүүлжээ. Тус газрын дарга Г.Ариунбуян түүнээс нь эхлээд 117 саяыг, дараа нь 491 са буюу нийт 668 сая төгрөгийг 64 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хувааж өгчээ. Хийсэн ажлыг нь харахад гамшгийн шуурхай болон урьдчилан сэргийлэх мэдээлэл бас байна. Хажуугаар шадар сайд болон онцгойн дарга хоёрын “пиар” сүрхий явжээ. “С.Амарсайхан сайд тэглээ”, “Г.Ариунбуян дарга ингэлээ” гэх мэдээлэл тун олон харагдана. Ялангуяа шадар сайдтаны “аугаа” төрх улам тодорчээ. Тэрээр бараг алхам бүрээ иргэдэд мэдээлүүлсэн гэмээр харагдаж байна.








