
ЗТХЯ-нд гарсан аймшигт аллагыг үйлдсэн Т.Махбал нь ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427-р хаалттай ангид ялаа эдэлж байхдаа нэг камерт хоригдсон хоригдлоо зодож гэмтээжээ. Зодуулсан ялтаны гэмтлийн хэмжээг тогтоож байгаа бөгөөд үүнээс үүдэн Т.Махбалын ялын дэглэмийг чангаруулах эсэх асуудал яригдаж аж. Өмнө нь тус хорих ангийн удирдлага Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад суллах захирамж өнгөрсөн есдүгээр сард гаргаж байв. Тодруулбал, Б.Махбалын эдлээгүй үлдсэн гурван жил нэг сар зургаан хоногийн хорих ялынх нь биеэр эдэлж дуусах хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэсэн. Үүнийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг Дээд шүүх хэвээр нь баталсан юм.