
Гурван жилийн өмнө гарсан энэ хэрэг тухайн үедээ “Найман шарга”-ыг шуугиулсан агаад удтал дуншсаар шүүх саяхан шийдвэрлэж яллагдагч Б.Доржхорлоод 6,8 жилийн хорих ял оноожээ. Тэрээр валют арилжааны ББСБ болох “Мөнгөн хөврөлт”-ийн захирал Бямбаравжихын туслахаар ажиллаж ченж нарт болон харилцагчиддаа танигдсан гэнэ. “Номин Карт” ББСБ нь валют арилжаалахдаа туслахтай олонтоо хамтарч ажилласан гэнэ. Ингээд бие биенээ мэдэх болсон тул туслах нь “Номин Карт”-аас нэг өдрийн хугацаатай 62 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар 166 сая төгрөг зээлжээ. Гэсэн ч өгч чадаагүй аж. Энэ үед “Мөнгөн хөврөлт”-ийн захирал гэр бүлээрээ гадаадад явахдаа үйл ажиллагаагаа явуулахад нь бэлнээр 200 сая төгрөг мөн картаа нууц кодтой нь хамт үлдээн явжээ. Гадаадаас ирэхэд туслах нь ажил дээрээ байсангүй агаад дансаас нь 216 сая төгрөг гарсан байсан. Туслахын ахыг дагуулан 2-3 хоног хайж, гэрт нь очиж байж барьж авахад “таны мөнгийг авга эгчдээ өгчихсөн, удахгүй буцааж өгнө” гэжээ. Үнэндээ “Номин Карт”-ын өрөө дарсан гэнэ. Тэд бөөнөөр тэр эгчийнд нь очжээ.
Ингээд туслах “алдсан” аргаараа мөнгө олохоор болжээ. Тэрээр “Жоншин” ББСБ-ын ажилтан Цогттой уулзаж “доллар байна уу, 110 мянган доллар 2793,5-д авах хүн олсон” гэжээ. Үүнд нь итгэсэн Цогт Сурхай буюу Сурахбаяр гэдэг том ченжээс 10 мянган доллар, “Хатан сүлд” ББСБ-ын захирал Монхороос 272 сая төгрөг авч туслахад өгчээ. Валютын ханш байнга хэлбэлзэж байдаг тул ченж нар хонуулж удаадаггүй, наймаагаа өдөрт нь багтааж хийдэг бичигдээгүй хуультай гэнэ. Гэсэн ч туслах эхэндээ утсаа авахгүй байсанаа сүүлдээ бүр унтраагаад таг болжээ. Ингээд залилуулсан гэдгээ бие биенээсээ асууж мэдсэн ченж нар бөөнөөр цагдаад ханджээ. Харин туслах залилсан мөнгөө тэр дор нь захиралдаа өгч өрөө даржээ.
Мөрдөн байцаалтын явцад нийт хохирлоос 20 мянган доллар төлөгдөж Цогт нь үлдэгдэл 90 мянган доллараа нэхэмжилсэн. Харин Монхор нь туслахаас бус Цогтын ах болох “Жоншин” ББСБ-ын захирлаас мөнгөө авна гэжээ. Учир нь Цогт түүний утсаар ярьсан гэнэ.
90 мянган доллар нь хуулийнхний гаргасан ханшаар 251 сая төгрөг болжээ. Шүүх энэ мөнгийг туслахаас гаргуулж “Хатан Сүлд”-д өгүүлэхээр шийдвэрлэжээ.