alim.mn | 2024.12.23
Алтанбулагийн чөлөөт бүсээс архи гаргах “АЖИЛЛАГАА”-нд оролцоод баригдсан гаалийн байцаагч “чи муу АТГ-ын бууны нохой” гэж агсарчээ

Өнгөрсөн оны өдийд Алтанбулагийн чөлөөт бүсийн архи согтууруулах ундаа зардаг татваргүй барааны дэлгүүрүүдийг хаах тухай яриа дэгдсэн. Өмнө нь бас иймэрхүү шуугиан дэгдэж байсан. Ийм яриа гарах тоолонд чөлөөт бүсийн дэлгүүрийн эзэд төдийгүй тэндээс архи авч зардаг наймаачид бужигнадаг.  Иргэд цагаан хуудсаар чөлөөт бүсэд нэвтэрч нэг шил архи, гурван шил дарс авч гарч болдог.  Харин архины наймаачид уг цагаан хуудсыг хүмүүсээс таван мянгаар худалдаж аваад түүгээрээ архи гаргадаг байжээ.  Ээлжит хаагдах шуугиан дэгдсэний дараа архины дэлгүүрүүд архиа бөөнөөр нь гаргаж эхэлжээ. Архины наймаачид 100-200 ширхэг цагаан хуудастай орцгоосон. Дэлгүүрийхэн нэг архиа мянган төгрөгний хөлсөөр гаргасан гэнэ. Тэр өдөр С.Үүрийнтуяад хамаатны эгч нь мянган төгрөгөөр нэг шил архи гаргах санал тавьсанд өөрийн машинаараа чөлөөт бүс рүү оржээ. Ороод “Shri Shop” дэлгүүрийн контейнерээс “Кoskenkorva” архи 40 шил, “KAZAKHSTANA” дарс дөрвөн шилийг ачаад “дэлгүүрийн архи” хэлээд шалгуулалгүй гарчээ. Дэлгүүрийн менежер Т.Хосбаяр нь 70 сая, захирал Б.Оюунсүрэн нь 130 сая төгрөг гарган “Жак Даниелс” виски, “Абсалют” зэрэг өндөр үнэтэй архи оруулж ирээд  агуулахдаа хадгалж байжээ. Чөлөөт бүсэд архи зарахыг хориглох нь гэсэн шуугиан дэгдэж менежер сандран захирал руугаа ярьжээ.

“... Хосбаяр яах вэ гээд байхаар нь “өөрийнхөө хөрөнгө оруулсан мөнгөндөө тааруулан архи аваад гарга” гэсэн. Ахин залгаад “архиа аччихлаа, шалгалтыг яах вэ” гэхээр нь “хүн амьтантай яриад үзье” гэсэн. Би хүнтэй яриад тохирчихсон гэж хэлээгүй, явж очоод гарчих л гэсэн. Зогсоохгүй гэсэн үгийг хэлсэн байх магадлалтай, яагаад гэвэл намайг машинтай орж гарахад бараг зогсоож шалгаад байдаггүй.  Хосбаяр гааль, хилийнхэнд шалгуулалгүйгээр чөлөөт бүсээс гарсан ч тагнуулынханд баригдсан байсан ...”

Менежер нэг нь 67 мянгаар орж ирсэн “Жан Даниелс” виски 40 хайрцаг,  38 мянгаар орж ирсэн “Абсалют” архи 49 шилийг буюу нийтдээ 40 сая төгрөгийн бараа гаргах гээд баригджээ. Тэрээр захирал нь “хүнтэй ярьсан” гэжээ.

“...Оюунсүрэн захирал надад хандаж "машинаа пост дээр шалгуулахгүй  гарна шүү, би хүнтэй яриад тохирчихсон байгаа..." гэж хэлсэн ...”

“Ярьсан” хүн нь гаалийн ахлах байцаагч О.Отгонбаяр болж таарчээ. Тэрээр “архи ачиж гаргана, шалгалгүй гаргаарай” гэж бичсэн цаасыг  гаалийн байцаагч Ш.Гантөмөрт өгч Т.Хосбаярын машиныг, мөн байцаагч П.Мөнхсайханд үүрэг өгч С.Үүрийнтуяагийн машиныг “ногоон гэрэл”-ээр гаргажээ. Т.Хосбаяр нь хилийн цэргийн шалгагч Т.Эрдэнэбилэгийг “ахаа надад ганц туслаач” хэмээн аргалаад бас л шалгуулалгүй гарсан байна. Шалгагч нь удам залгасан хилчний гэр бүлээс гаралтай гэнэ. Дээрхи байцаагч шалгагч нар архи ачсан машин гарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Тагнуулынхан энэ хэргийг үйлдэл дээр нь барьсан агаад нэг машиныг 600 мянган төгрөгөөр тохирч шалгуулалгүй гарсаныг нь хүртэл мэдэж байжээ. Хэрэг илрэх үед АТГ-ын комиссар гаалийн ахлах байцаагч эмэгтэйг хойшлуулашгүйгээр цагдан хорих тогтоолтой иржээ. Ахлах байцаагч цагдан хорих байрны өрөө рүү орохдоо ээлжийн ахлагчид “цагаан сарын архи чинь асуудалгүй шүү” гээд утсаар яриулахыг гуйхад татгалзаад оронд нь бал цаас өгчээ. Ахлах байцаагч юм  бичээд өмгөөлөгчдөө дамжуулж өгөхийг хүссэн.

“... Атараа эгч ээ, Нөгөө Умбаагийн яриад байсан хэргээр намайг саатууллаа. Та өмгөөлөгчөөр ороорой. Батсайхан бид хоёрын утсыг хураасан. Умбааг холбогдоод алга бол гэж хэл..."

Ээлжийн ахлагч дүрмийн дагуу илтгэх хуудас бичиж даргадаа өгчээ. Ахлах байцаагч дараа нь ажил дээр нь ирээд түүнийг “чи муу АТГ-ын бууны нохой” гэж хэл амаар доромжилсон гэнэ. Сэлэнгэ аймгийн шүүх энэ хэргийг хэлэлцээд экс гаалийн байцаагч, хилийн цэргийн шалгагч нарт албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн, бүлэглэн үйлдсэн хэмээн үзэж 5,4-6,0 сая төгрөгийн торгох ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ