УИХ-ын сонгуулийг бэтгэртлээ хүлээсэн улстөрчид баярласан хэрээ бархирна гэгч болж, цахимаар нэг ард түмнээ хайрласан нялуун үгийг урсгах болов. Модон дотроос, цэцэгтэй навчтай мэндчилгээ дэвшүүлж байна. МАН найман жил дангаараа засагласан, энэ жил АН гайгүй санал авч магадгүй гэж бодсон улстөрчид АН-аас салахгүй, Лу.Гантөмөр даргыг амраахгүй байна. АН-ын дарга асан С.Эрдэнэ "Женко"-той ёстой л ясаа цайтал үзэж, АН-ын тамгыг хадгалсан. Хэд хэдэн залуу дарга сэлгэсэн ч тамгаа буцааж аван баярлуулан гомдоосон. Гэтэл тэр дундаас Лу.Гантөмөр од шүүрч АН-ын жинхэнэ тамгатай дарга болсон нь саяхан. Уг хүн нь ч бөөрөнхийдүү мөлгөр хүн. Намын олон бүлэглэл фракцын эрх ашгийг хангах гэж, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэгч болж явна. АН-д бол "Женко" гэж том бүлэглэл бий. Түүнийг дэмжигсэд их, үзэн ядагсад ч түүнээс дутуугүй. С.Эрдэнийн талыг баримтлагчид Женкотой үнэндээ хонь чоно, нэг намд багтахгүй шахуу. Харин Лу.Гантөмөр экс ерөнхийлөгч Х.Баттулгатай найрсаг тахимдуу харилцаатай...
Дураараа гишүүн олонтой АН-ын хувьд “...Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг шүдний өвчин бий. Харин саяхан цагаан сарын золголтын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө, уулзалт тохироо болсон сурагтай. АН-ын золголтын өмнөх өдөр буюу шинийн 2-нд АН-ын дарга Лу.Гантөмөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “урилга”-аар очиж уулзжээ. Энэ үеэрээ "экс" Х.Баттулга 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг авах хүсэлт тавьсан байна. Энэ нь тойрогт 39 хүнээ явуулж, жагсаалтад 24 оруулах квот гэсэн үг. Үүнийг нь Лу.Гантөмөр түүнийг нь зөвшөөрсөн гэсэн яриа гарч эхэллээ.