Санаа нийлээд 10 гаруй аймаг дамжиж 60 гаруй үйлдлээр тэрбум гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан бүлгийг цагдаагийнхан барьжээ. Орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гээд айлуудыг судалж алт, мөнгө, үнэт эдлэлийг хулгайлж ченжүүдэд борлуулдаг байж. Нэгжлэг хийхэд 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлс гарч иржээ. Хулгайчид хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаадаг. Амины орон сууц барьсан, гэр бүлийн гишүүдээ гадаад руу явуулахаар виз мэдүүлсэн, чинээлэг хүмүүс байжээ. Монголд тэрбумаар хэмжигдэхгүй юм алга. Амар хялбар аргаар мөнгө төгрөг олоод сурсан нөхөд бүр мафи болчихжээ. Томчууд нь төрөөс хулгайлаад энгийн иргэд нь нэгнээ цөлмөөд дуусах нь.