“Амай” буюу Ж.Золбаяр хар тамхиа жорлонгийн суултуурынхаа ард нууц нүхэнд нуусан байжээ
Хар тамхи хэрэглэсэн “одод”-ын цувааг Амай буюу Ж.Золбаяр үргэлжлүүлсэн. Түүнийг 12,7 гр жинтэй, хориотой сэтгэцэнд нөлөөлт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар гэртээ хадгалсан хэмээн буруутгасан. Уг бодисыг гэрийх нь жорлонгийн өрөөнд суултуурын ард нууц нүхнээс олжээ.
“ ... нойлын өрөө рүү ороход суултуур байх ба суултуурын ард наашаа татан онгойлгоход хаалгатай хэсэг байх ба хаалгыг нээж үзэхэд ууттай нойлын цаас, ууттай порлон, хөөсөнцөр байсан ба эдгээрийн доод талд хөх судалтай уутны дотор ногоон өнгийн гялгар уутанд өвс мэт зүйл мөн мөнгөлөг цаасыг хуйлж хэлбэр оруулж дотор хэсэгт хар өнгөөр бохирлогдсон мэт зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав...”
Амай шүүх хуралд өөрийгөө тун гэнэн дэврүүнээр хамгаалсан.
“... Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” одонт, олон улс судлалын профессор буюу улсдаа хийж гүйцэтгэсэн гавьяагаар Амай нэрээр алдаршсан миний бие 23-р сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, СУИС, Удирдлагын академийн бизнес удирдлагын мастер суралцсан олон улс судлалын профессор билээ. Ингээд БНМАУ-даа зүтгэж гавьяа байгуулах нь дээдийн заяа гэж итгэн, амьдралын утга учир, хөгжлийн нууцыг олж улсаа хөгжүүлэх анхны дэлхийг тойрох судлаач болох зорилго тавин амь нас, эрүүл мэнд, хувийн амьдралаасаа татгалзаж бадарчин болсон. 2005-2017 оны хооронд 12 жилийн хугацаанд дэлхийн 86 улсыг тойрч судлан, монгол эр хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэдлэг боловсрол, ур ухааныг дэлхий дахинаа нотолж, гадны суваг радио, их дээд сургуулиудад эх орноо танилцуулсан ярилцлага, уулзалт зохион байгуулж 21 дүгээр зууны эхэн үед дэлхийд дээр амьдрал ямар байсныг фото зураг, бичгийн баримтаар өгүүлсэн “Монгол бадарчин” зургаан боть номоо 25,000 ширхэг хэвлүүлэн хот, хөдөө, гадаадад буй зуу зуун мянган монголчуудад түгээж ирээдүйд өвлүүлсэн. Олон жилийн турш халуун халж, хүйтэнд хөрж, өлсөж, цангаж, өвдөж, шаналж бас дайн дажинтэй арваад улсыг туулахдаа айж түгшиж, ганцаардаж бэтгэрч явсаар 2017 оны хавар эрүүл мэндээрээ хохирон арга буюу 86-дахь улсаасаа эргэн ирсэн. 20 кг цүнх үүрэн олон жил явснаас улбаалж нуруу тогтмол өвддөг болж, оюуны хэт ачааллаас болж нойргүйдэлд шаналж, даралт ихсэж, зүрх өвдөж, шөрмөс татаж, үе мөчний өвдөлт гэж ажлын чадвараа 79 хувь алдаж групп тогтоолгосон бөгөөд хүндээр өвчилсөн. 18 жилийн хугацаанд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд мянга гаруй хүнээс 1,2 тэрбум төгрөгийг зээлж зарцуулсан. Хүнд өвдөх үедээ маш их хэмжээний зардалд унаж ажил хөдөлмөрийг мөнгөн дүнгээр үнэлж туслахыг төр засгаасаа хүссэн ч соён гэгээрлийн үр өгөөжийг мэддэггүйгээс туслаагүй. Одоо их хэмжээний өртэй, группийн 200,000 төгрөгийн тэтгэвэртэй хүнд амьдарч байна. Төрөө дээдэлж, хуулиа чандлан сахидаг бөгөөд түүхэн гавьяа байгуулсан иргэний хувьд, хэн нэгнийг хохироолгүй зөвхөн Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл байх эрхээ эдлэн өнө эртнээс хэрэглэж ирсэн ардын эмийг хэрэглэсэн. Иймд миний соён гэгээрүүлэх ажлаа тасалдуулахгүй байхаар шийтгэл оногдуулж өгнө үү ...”
Гэсэн ч шүүх 1,5 жилийн хорих ял оноосон.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
10 сарын өмнө
122.201.31.22
Гэрт амьдардаг юм шиг байсан шоронд гэхээр яаж оруулах вэ хаана юм бол? Үнэхээр хар тамхинд орсон бол маш харамсалтай
Төстэй мэдээ