Өнгөрсөн оны хавар УБТЗ-ын харьяа “Баянбуурал” амралтанд Авто тээврийн үйлчилгээний төвийнхөн амрахаар очих үед энэ хэрэг гарчээ. Төвийнхөн амралтанд ирэхдээ мэдээж уусан байжээ. Өдөр нь спортын арга хэмжээ болж орой нь караокед дуулж бүжиглэж, хөзөрдөж “амарчээ”. Ингээд шөнө дөл болтол шуугилдсан. Энэ үеэр дарга А.Гантулга, ерөнхий инженер Л.Ганхөлөг хоёр жолооч нартайгаа 0,75 гр-ын “Еден” архи уугаад тэндээсээ хөөгдөж гарчээ. Удирдлагаа хөөж гаргадаг айхтар жолооч нартай аж. Хөөгдөж гарсан хоёр хоёр давхарт буусан өрөөндөө ороод муудалцаж “боксджээ”. “Бокс”-дох чимээнээр ерөнхий нягтлан, жолооч, тогооч гурав дарга нарын өрөөнд ороход нэлээд ширүүн харилцан зодолдсон шинжтэй агаад өрөөний шал хана, суултуур тосгуур нэлийтэл цус болсон байсан гэнэ. Тавь гарсан хүмүүс гэхэд хорьтой залуус шиг сүрхий “нанчилдсан” аж. Даргын хамраас цус гарч том алчуураар дарсан, ерөнхий инженерийн шүднээс мөн цус гарсан харагдсан. Бие бие лүүгээ “чи намайг цохисон” хэмээн хашгирч байжээ. Харилцан зодолдсон мэт боловч мөрдөн байцаалтаар даргатан ерөнхий инженерээ “гүвсэн” болж таарчээ. Ерөнхий инженерийн биеийн олон хэсэгт цус хуралт мөн доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. “Бокс”-дох болсон шалтгаан нь дарга спорт арга хэмжээг голж “ингэж ажил хийдэггүй юм” гэсэн нь ерөнхий инженерт эмзэг туссан гэнэ. Өмнө нь хурал дээр “ажлын цаг хийдүүлдэг” гэх утгатай зүйл ч ярьсан байжээ. Тэр бүхний хариу болгож “чиний Хэрлэнгийн найз байх чинь надад хамаагүй шүү” гэжээ. Ингээд хэрэлдэж зодолджээ. Даргын хувьд зодуулчихаад зодсон болж байгаадаа гомдолтой байгаа л гэнэ. Уг нь маргааш тэр хоёр “эрчүүдийн дунд ийм юм байх” гээд эвлэрч ганц юм задалсан ч үнэндээ эвлэрээгүй агаад ийнхүү шүүх цагдаадаа тулсан байна. Хэл ам гаргаж, хэргийг өндөр авахуулалгүйгээр тохиролцож чадсангүй. Ажилтнууд нь гэрчээр дуудагдаж, бичлэг үзэж, гэмтлийн зэргээ тогтоолгуулан хуулийн дагуу “яс үзэлцсэн”. Гэрчээр дуудагсад удирдлагаа хамгаалж “дунд зэргийн согтолттой л байсан”, “ер нь их зөөлөн хүмүүс”, “өмнө нь хоорондоо муудалцаж байгаагүй” гэх зэргээр мэдүүлсэн. Хуулийн дагуу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан даргатан торгуулсан байна. Ерөнхий инженер төмөр замдаа удаан жил ажиллаж байгаа бол дарга өмнө нь Хот тохижилтын газрын авто баазад инженерээр ажиллаж байгаад ирээд хагас жил гаруй л болж байжээ. Ийнхүү Авто тээврийн үйлчилгээний төвийн хоёр “өндөрлөг” ажилтан ажилчдынхаа өмнө зодолдож шившиг болжээ. Энэ нь нэг талаараа төмөр замд шинэ даргын талынхан болон хуучин “кадрууд”-ын өрсөлдөөн үргэлжилсээр байгааг харуулж байна. Нөгөө талаар хоёр “өндөрлөг” нь түнжин хагарсан тул энэ байгууллагын ажил цаашид хэрхэн явагдах нь хэцүү л болжээ.