alim.mn | 2025.04.11
Дарханы ИТХ-ын төлөөлөгч хуурамч дипломоор төрд 11 жил ажиллан 150 сая төгрөгийн цалин авсан нь илэрчээ

Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Дорждэрэм нь ХААИС-ийн үйлдвэрлэлийн инженер механик мэргэжлийн 2001 оны 2-р сарын 01-ний өдрийн огноотой, ... дугаартай, бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж 2012 оны 12-р сараас хойш төрийн албанд удирах албан тушаалд томилогдон 2023 оны 9-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж нийт  150,6 сая төгрөгийн цалин хөлс авч хууль бус орлого олсон гэмт хэрэгт буруутгагджээ.

Төлөөлөгч энэ хугацаанд дипломоо хуурамч гэдгийг “мэдээгүй” явсан гэнэ.

“ ... Би 1996 онд ХААИС-д суралцахаар бүртгүүлээд сургалтын төлбөрөө төлсөн. Зах зээлийн үед амьдралын шаардлагаар наймаа хийгээд сургуулиасаа чөлөө аваад завсардуулсан. Жил бүр төлбөрөө төлдөг байсан. Тэгээд 2001 онд ХААИС-ын сургалтын албанаас яриад  дипломоо аваарай гэж хэлсэн. Би өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй. Санаатайгаар ашигласан зүйл байхгүй. Хуурамч гэдгийг нь мэдээд өөрийнхөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ ХААИС-д бүртгэгдээгүй, хуурамч диплом гэдэг нь тогтоогдож байгаа тул хүлээн зөвшөөрч байгаа. Би Дархан хотын хөгжил, дэвшил, иргэдийг цэвэрхэн хотод амьдруулахын тулд 11 жил хамт олонтойгоо хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ...”

Ийнхүү 1990-2000 оны хөл толгой нь олдохгүй бужигнаан дунд дипломтой болж авчээ. Тэрээр Дарханы НААҮГ-ын дарга, “Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж 2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Шүүх төлөөлөгчийг 2,4 сая төгрөгөөр торгож гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 115 сая төгрөгийг гаргуулахаар болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ