УИХ-ын дарга Г.Занданшатар спикерийн зангаргаа харуулж, УИХ Нүүрсний, Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулав. Одоо газар олголттой холбоотой сонсгол зохион байгуулахаар боллоо. Ёстой жинхэнэ гал гарсан сонсгол болно байх аа. Улаанбаатарын "дэлгэсэн тэрлэг шиг" газрыг тоосго багтах зайгүй болтол зараад дуусчихсан. Хамгийн нэр цэвэр, газрын наймаанд нэр холбогдоогүй гайгүй гэгддэг Су.Батболд дарга байна.
Ажлаа гэнэтийн байдлаар өргөдлөө өгөөд явсан Су.Батболдын талаар элдэв таамаг яригддаг. Ажлаа өгснөөс хойш хувийн бизнесээ төвхнүүлж буй.
Хотын дарга асан Су.Батболд эхнэр Г.Даваажаргалын нэр дээр Төв аймгийн Сэргэлэн суманд Ангус үүлдрийн үхэр үржүүлдэг “Би Ти Эм Ди” ХХК-тай. Мөн ОХУ-аас эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг “Кильтуул” ХХК гэх эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Кильтуул” ХХК-тай. Тэд хоёр хүүтэй. Хүү Б.Төрболд, Б.Мөнхболд, бэр Б.Оюун-Эрдэнэ нар “Сэнд эм эн” ББСБ-ыг ажиллуулж буй.
Су.Батболд Хотын дарга байхдаа хууль бусаар газар зарж, хүүгийнхээ нэр дээрх ББСБ-ыг хөл дээр нь босгосон байж магадгүй гэх таамаглал гарч байна.
“Макс"- Ганбаатар 2000 онд хуучнаар улсын наадмын морьдог байсан газар, Яармагийн дэнжийн 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар анх авч байжээ. Гэвч Д.Ганбаатар газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй тул 2015 онд Хотын дарга Э.Бат-Үүл 70 га газрынх нь эзэмших эрхийг нь цуцалсан байдаг. Гэтэл Су.Батболд 2017 оны 10 дугаар сарын 4-нд А/716 дугаартай захирамж гаргаж, Д.Ганбаатарын “Монголиан рэйсинг трак” ХХК-д өнөөх 70 га газрынх нь 54 га газрыг дахин олгожээ.
Харин үлдсэн 16 га газраас Су.Батболд өөрийн шадар туслахаар ажиллаж байсан Энхболдын Анарт 2.2 га, том хүү Б.Төрболдынхоо эхнэр Батцэнгэлийн Оюун-Эрдэнэд 2.2 га газар олгожээ. Өөрөөр хэлбэл, Су.Батболд “Макс групп”-ийн эзэн Д.Ганбаатарын цуцлагдсан 70 га газрын 54 га-г нь дахин олгож өгснийхөө хариуд 4.4 га газрыг нь хувьдаа аваад үлдчихэж. Хожоотой л наймаа байгаа биз.
Су.Батболд Хотын даргаас чөлөөлөгдөхөөсөө ердөө 3 хоногийн өмнө буюу 2018 оны 12 сарын 7-нд А/1177 дугаартай захирамж гаргаж, шадар туслах Э.Анар, бэр Б.Оюун-Эрдэнэ нарынхаа нэр дээрх өнөөх 4.4 га газрыг “Их монголын эзэнт гүрэн” ТББ-ын нэр дээр шилжүүлжээ. Шинэ Хотын шинэ захиргааны хажууханд буюу Яармагийн дэнжид байрлалтай эрүүл тэгш 4.4 га газар гэдэг одоо хамгийн багадаа 6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэнэ.
Ингээд Су.Батболд даргатан ийнхүү 4.4 газрыг шилжүүлснээс бас л ердөө 5 сарын дараа буюу 2019 оны 4 сард том хүү Б.Төрболд, бэр Б.Оюун-Эрдэнэ нар нь “Сэнд Эм Эн” ББСБ-ыг байгуулан зээл олгож, гадаад мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Эндээс, Хотын дарга Су.Батболд хотын газрыг наймаалж, хууль бусаар олсон мөнгөө хүү, бэр хоёрынхоо нэр дээрх ББСБ-аар угааж байна уу?!