Улсын бүртгэлийн ерөнхий газрынханы авлигал хахуулийн хэргийг одоогийн байдлаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч асан Ж.Нямдорж “тэргүүлж” байна. Тэрээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчилж бүртгүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг шууд бүртгүүлэх, нэр солих, үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгүүлэх зэрэг хэд хэдэн хэрэгт 375 мянгаас 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллагдаад байна. Үүнээс хахууль өгөгч Д.Оюун-Эрдэнийн хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлт хийлгэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс “Ди Си Эф ҮЦК” ХХК-ийн нэрийг “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК” ХХК болгон өөрчилж хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэхийн тулд нийт 500 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг өгүүлье. Энэ хэрэгт ахлах байцаагч, Д.Оюун-Эрдэнэ нараас гадна Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзориг, ахлах бүртгэгчийн 10 жилийн найз Бадамхатан нар холбогдсон. Ахлах бүртгэгчийн мэдүүлснээр Д.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй яриад “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК нэрийг авмаар байна, чи шалгуулаад өгөөч” гэхэд нь “болох юм байна, чи 500-г шилжүүлчих” гээд Батзоригийн дансны дугаарыг өгчээ. Үүнийг нь Батзориг “Нямдорж буудалд хоёр хоносон. Тооцоо хийх хэрэгтэй байна. Карт байхгүй учраас хүнээс авах ёстой мөнгөө чиний дансаар авья гэсэн” хэмээн тайлбарласан. Ингээд “88” гэсэн гүйлгээний утгатайгаар 500 мянган төгрөг орж иржээ. Уг мөнгөөр ахлах бүртгэгчийн хоолны тооцоог хийсэн гэнэ. Гэхдээ мөрдөн байцаалтаар Батзориг нь 200 мянгаар тооцоо хийгээд үлдэгдэл мөнгийг нь “Зора99” гэсэн онлайн дансанд шилжүүлсэн гэж тогтоогджээ. Энэ нь”интернет” тоглоомын данс болж таарсан. Шилжүүлсэн 500 мянга нь ийнхүү буудлын тооцоо, онлайн дансанд зарцуулагдаад дууссанд Д.Оюун-Эрдэнэ нь “чи өөртөө мөнгө аваагүй юм уу, надад нэг сая орсон, ядаж 100 мянга авчих” гэхээр нь ахлах бүртгэгч 10 жилийн ангийн найзынхаа дансийг өгөөд авчээ. Энэ бүхний дараа Д.Оюун-Эрдэнэ нь Баянзүрх дүүрэгт очиж Батзоригоос “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө ҮЦК” нэртэй гэрчилгээг авсан гэнэ.