alim.mn | 2024.12.22
УИХ-ын 52 гишүүн тэрбум төгрөг авсан гэв үү?

УИХ-ын гишүүний суудлаас бууж, Улаанбаатар хотын дарга болсон Д.Сумъяабазар “Ногоон автобуснууд”-аас болж огцорсон. Д.Сумъяабазар ганцаараа биш, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар ч мөн ажлаа өгсөн билээ. Хотын экс мэр Д.Сумъяабазар УИХ-д нэр дэвших хүсэлтэй байгаа бол Ж.Сүхбаатар нэр дэвших өргөдөл өгөөгүй байна. Хариуцлага үүрч, гэмшсэн газар тэнгэр шиг ялгаа байгаа биз. Ж.Сүхбаатар бол сайн хуульч, аж ахуйн туршлага байхгүй хүн. Тэрбээр хуучин автобус оруулж ирэх талаар зүүдлэх ч үгүй, цагаан гартай хуульч хүн. Хүний тавьсан урхинд өөрөө гүйж ороод уналаа. Цоо шинэ автобуснуудын зургийг цахимд оруулж, нэг талаар “шүгэл үлээсэн” хүн. Хотын дарга асан Д.Сумъяабазар ярилцлагадаа Ж.Сүхбаатарын тухай “Тэр үүнийг хийгээгүй, харин хууртсан болов” гэж хэлэв.

Хот өөрөө зарцуулах эрхтэй болсон гэж сурталчлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаад, Д.Сумъяабазар яриад байсан 420 тэрбум төгрөгийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр хойтон жил нь цуцалж унагаажээ.  Харин оронд нь нийтийн тээврийг шинэчлэх буюу “автобус авах” 340 тэрбумыг баталж өгсөн байна. Ингээд үлгэр эхэлнэ...

Д.Сумъяабазар энэ том хулгайд “том ах” заавал байх ёстой гэж үзэж байгаа ба тэр нь Д.Амарбаясгалан гэж хардаж байгаагаа хэллээ. Үүнээс бүр нэг ноцтой зүйл хэлэв. “УИХ-ын 52 гишүүн тус бүр нэг нэг тэрбумыг тойрогтоо зарцуулна” гэж авсан гэв үү. Автобусны мөнгөнөөс УИХ-ын 52 гишүүн 52 тэрбум төгрөг гаргаж авсан гэсэн үг үү? Тэгвэл бүр байдал ноцтой болно. УИХ-ын 76 гишүүнээс ямар дархан эрхтэй 52 гишүүн нь тус бүр 1 тэрбум төгрөг авсан бэ? Тэд тайлбараа хийх ёстой биз ээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ