alim.mn | 2025.01.11
"Эх нялхас"-ын сувилагч ижил нэртэй хүнийг андуурч үр зулбуулах эм өгсөнөөс 24 долоо хоногтой эх дутуу төрж хүүхэд нь энджээ

Эх нялхасын үр хөндөлтийн сувилагч Б.У нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэхээр ирсэн 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Н-т төрөлт сэдээх /үр зулбуулах/ “Мизопростол” нэртэй дөрвөн ширхэг эмийг уулгаснаар, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар эхийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нь ийн мэдүүлжээ.

“... Тухайн өглөө би компьютер дээр цалингаа бодоод сууж байсан. Үүдэнд нэг эмэгтэй зогсоод байхаар нь “9 цагт ирж эм уух  ёстой Н мөн үү” гэхэд мөн гэхээр нь “Ямар орой ирж байгаа юм бэ, 2-дахь тун эмийг ийм орой уувал мөд зулбалт явагдахгүй шүү дээ” гэсэн. Тэгээд уух эмийг нь ширээн дээр гаргаж тавихад тухайн эмэгтэй өөрөө авч уусан. Ингээд эм уусан учир амрах өрөө буюу хяналтын өрөөнд оруулсан. Хяналтын өрөөнд өглөө цагтаа ирээд эмээ уусан дөрвөн эмэгтэй байсан. Д.Н тэдэнтэй хоёр цаг хамт байсан. Тэр хугацаанд зулбалтын шинж тэмдэг илэрсэн. 12 цаг 23 минутад миний утас дуугарахад эм уух ёстой байсан Н нь “ар гэрт гачигдал гарсан тул өглөө очиж чадсангүй. одоо очиж болох уу” гэхээр нь нөгөө эмэгтэй дээр очиж мэдээллийг тодруулахад  жирэмсний хяналтад байсан ижил нэртэй Н болох нь тогтоогдсон тул Камара эмчид мэдэгдэж тухайн өдрийн эх барих эмчид үзүүлсэн. Яаралтай хүлээн авах тасагт аваачиж Батхишигт хүлээлгэн өгсөн. Эм уух сонголтыг үйлчлүүлэгч өөрөө хийдэг. Тиймээс өөрийгөө эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний гэм буруутай гэж бодохгүй байна...”

Харин ижил нэртэйгээсээ болж хохирсон хохирогч нь

“... Сарын тэмдэг ирэхгүй болохоор нь эмнэлэгт очиж эход харуулахад хоёр сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Таван сартай байхад нь өрхийн эмчийн хэлсэний дагуу Эх нялхаст уушигны эход харуулахаар очсон.  Угтах үйлчилгээний ажилтан “уушигны эхо хоёр давхарт 212 тоот өрөөнд” гэхээр нь очиход үүдэнд нь хүн байгаагүй. Гэтэл дотроос нь “Н ороорой” гэж миний нэрийг дуудсан. Ороход эмэгтэй сувилагч намайг Н  мөн үү гэхээр нь мөн гэсэнд “Яасан удаж ирдэг юм, хувцсаа тайлаад тавчик өмс” гэж шууд загнаад “наад эмээ уугаарай” гээд дөрвөн ширхэг цагаан өнгийн дөрвөлжин дүрстэй, шахмал эм өгсөн. Загнахаар нь айгаад уутал амралтын өрөөнд оруулсан. Удалгүй 30 минутын дараа бие дагжаад чичирч эхэлсэн. Гэдсээр базлаад ариун цэврийн өрөө орсон. Тэгтэл надад эм өгсөн сувилагч ирээд “чи хэний Н юм бэ” гэхээр нь “Д-н Н” гэхэд “нэр андуурсан байна” гэсэн. Миний жирэмсний хяналтын картыг үзээд ” чи чинь жирэмсэн юм уу, яанаа би хүн андуурчихлаа” гэсэн. Намайг тэргэнцэрт суулгаж өөр өрөөнд оруулж эмчилсэн. Хоёр хоногоос гэдэс маш хүчтэй базлаж өвдөхөд “чи төрөх болсон байна” гэсэн. Миний охин дутуу төрөөд энкубаторт хийсэн.  Нөгөөдөр нь сувилагч “хүүхэд чинь болохоо байлаа, уушгинд нь цус алдчихлаа, амьдрах боломжгүй боллоо” гэсэн. Очиход охин чинь нас барчихлаа гэсэн. Би эход уушгаа харуулах гэж л очсон. Тэгэхэд сувилагч нь загнаад байсан тул сандарсандаа өгсөн эмийг нь асуулгүйгээр уучихсан... “ гэжээ.

Хохирогч эмэгтэй 10 жилийн дараа бие давхар болсон агаад жирэмсний хяналтанд орж ураг хэвийн бойжиж байжээ. Хохирогчийн нөхөр маш их гомдолтой гэжээ. Эмнэлгийн дотоод журамд өвчтөнийг танин тодруулах асуумжийг 3-аас дээш асуултаар асууж баталгаажуулж, өвчтөний түүх, карттай тулгаж үзсэний дараа эмчилгээ хийх, эм өгөх журам байдаг. Шүүгдэгч хохиролд хоёр сая төгрөг төлжээ. Шүүх экс сувилагчийг 2,7 сая төгрөгөөр торгож, сэтгэл санааны хохиролд Эх нялхасаас гурван сая төгрөг гаргуулж хохирогчид өгөхөөр шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
7 сарын өмнө
66.181.179.46
Setgelgui ajlaa meddeggui suvilagch bn.jiremsen emegtei ch gesen ehod haruulahad em uuh shaardlaggui gedgiig asuuhguidee
Төстэй мэдээ