Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга хэмээх сүртэй гуншинтай Б.Тулга төсвийн 55 сая төгрөгөөр тайлангийн сэтгүүл 5500 хувь хэвлүүлэхээр тендер зарлажээ. Тайлангийн сэтгүүлд нь УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлого, тэр дотроо Боомтын сэргэлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг багтааж олон нийтэд хүргэх гэнэ. Захиалагчийн зүгээс шаардаж байгаа нөхцлөөр сайдтан өөрийн зохион байгуулсан “Боомтын сэргэлт Үндэсний форм 2024” арга хэмжээгээ ихэд тод томруунаар оруулах санаатай байгаа аж. Энэ форумд зориулсан тусгай дугаарыг ч гаргахаар төлөвлөжээ. Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бараг л хамгийн том ажил нь хойно арга ч үгүй биз. Удахгүй сонгууль болж залуу сайдтан нэр дэвшиж магадгүй. Том форум зохион байгуулсан тул бараг л дэвших байх. Тэгэхээр тайлангийн сэтгүүл сонгуулийн сурталчилгаанд таарагдах их “хувь заяатай” байж болох юм. 5500 ширхэг сэтгүүлийг 55 сая төгрөгөөр хийлгэнэ гэхээр нэг нь 10 мянган төгрөгний өртөгтэй болж таарч байна.