Ийм нэгэн ноцтой хэрэгт ХСИС-ийг 2018 онд төгссөн Т.Ө холбогджээ. Тэрээр Авдрантад байхдаа өмнө нь таван удаа ял шийтгүүлсэн шивээс Түвшнээ гэх Түвшинжаргал буюу Жаргалтай танилцжээ. Тэдэнтэй мөн шоронгоос суллагдсан гэх Цэцэг гэдэг эмэгтэй нэгджээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Саппоро гэх газраас Шараа буюу Б.Д-ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан “....” УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн, “Тоёота кроун” маркийн машинд хүчээр суулган Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, ... тоотод оршин суух Б.Н-гийн гэрт орж, М.Х, Б.Н нарыг мөн л хүчээр авч яван Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгай гэх газар хохирогчидийг айлган сүрдүүлж хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн гар утсаар бичлэг хийж хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. Хэрэг явдлыг эхнээс нь дурдахад хулгайлагдсан эхний хохирогч Шараа нь өглөөний 07 цагийн үед Саппорогийн “Шөлөндөө”-гөөс гарахад хар хөх өнгийн “Кроун” машинаас өмнө нь биеэ үнэлдэг байсан гэх, мөн муудалцсан Цэцэг дууджээ. Машинаас шивээс Түвшээ “суу п-да минь” гэж тушаасанд айсандаа суужээ. Тэрээр “чи яахаараа миний охидтой хэрэлддэг юм бэ” гээд нүүр лүү нь цохижээ. Хохирогчийн мэдүүлснээр Ууганаа гэх залуу жолоо барьж, урд талын суудалд шоронгийн харгалзагч гэх эрэгтэй, арын суудалд шивээс Түвшнээ, Цэцэг мөн шоронгоос гарч ирсэн хоёр эмэгтэй сууж байсан гэнэ. Шивээс Түвшнээ хромон гутлаараа гуяа руу нь өшиглөөд бусдын биеийг үнэлүүлдэг гэх Н-г олж өг гэсэнд Тахилт руу явжээ. Замдаа Шараагийн гутлыг тайлуулж үдээсээр нь гарыг хүлээд багажинд хийж “хаяг буруу зааж өгвөл нүдийг нь ухна” гэх зэргээр сүрдүүлсэн байна. Тэд явсаар Н-гийн түрээсэлдэг хашаанд иржээ. Шивээс Түвшнээ гэрт орж унтаж байсан хүмүүсийг сэрээн хувцсыг нь өмсгөөд туун гарч иржээ. Н-гийн гарыг хүлээд мөн багажид хийж бусдыг нь арын суудалд шахаж суулгаад явжээ. Жолооч замдаа хэдэнтээ зогсож багажаа онгойлгон салхи амьсгалуулсан байна. Н нь сүүлдээ бүтэж үхлээ гэсэн тул гаргаад арын суудалд чихжээ. Машин явсаар Найрамдлын урд талын зэлүүд газар иржээ. Шивээс Түвшнээ эмэгтэйчүүдийг буулгаад Н-г “надаас урвасан янхан, чамайг ална” гэж сүрдүүлжээ. Н-гийн гэр унтаж байгаад хамт хулгайлагдан ирсэн Х-гээс “чи шинэ янхан уу” гэж асуужээ. Ингээд бүгдийг нь хувцсаа тайлахыг тушаажээ. Тайлахгүй гэснийх нь хөл шилбэ рүү өшиглөж нүүр лүү нь алгадсаар тайлуулжээ. Өөрөөс нь урвасан Н-гийн нүдийг ухна хэмээн хуруугаараа хатгасан гэнэ. “Урвагчдыг” шийтгэх болоход Цэцэг нь бичлэг хийх “санал” гаргаж шоронгийн харгалзагч утсаа өгсөн гэнэ. Айсан биеэ үнэлэгчид шивээс Түвшнээгийн тушаалаар бие биенийхээ эрхтнийг долоосон агаад Цэцэг бичлэг хийжээ. Энэ үед машинд явсан бусад хүмүүс хараад инээлдэж байсан гэнэ. Хохирогчдын мэдүүлснээр тэд шивээс Түвшнээгээс айж үгээр нь хөдөлж байсан гэнэ. Тэд өмнө нь 10-р хорооллын “Сэлбэ” гэдэг зочид буудалд архидсан агаад шивээс хочит нь шоронгоор гайхуулж ууланд гурван сар бүгснээ сайрхан мөн дургүй хүргэсэн хүнийг шууд хутгалдагаа яриад бүр айлгасан байжээ. Хохирогчдоор ёсон бусын үйлдэл хийлгэсэн бичлэгийг нь цагдаа шалгахад Facebook.rar, Facebook_2.rar нэр бүхий МР 4 форматаар бичигдсэн 1 минут 23 секундын бичлэг байжээ. Гэмт этгээдүүд үүнээс гадна Баянгол дүүрэгт байрлах “Дестиний релакс” гоо сайхны салонд дайран орж А.С-ийн 584 мянган төгрөгний үнэтэй “айфон-6” гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн нь тогтоогджээ. Хачирхалтай нь хулгайлагдан ёсон бус үйлдэл хийж доромжлуулсан хохирогчид гомдолгүй гэж мэдүүлсэн гэнэ.