alim.mn | 2024.12.23
“Таны шилжүүлсэн 320 мянга чинь 50 сая төгрөг болж өслөө” хэмээн итгүүлээд 620 мянган төгрөгийг нь залилсан “Slot Admin”-ы ХЭРГЭЭС ...

Телеграммын “Slot Admin” гэх хэрэглэгчийн хаягтай Жамьянпүрэвийн Н... баяр нь телеграммаар “мөнгө өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хоёр хохирогчийг 13 удаагийн үйлдлээр нэг сая гаруй төгрөгөөр хохироож дараа нь “цагдаагаар яв даа, хүлээж байя” гэж тавлаад баригджээ.

Хохирогч Б.З нь ийн мэдүүлжээ.

“... 2024 оны 3-р сарын 20-ны өдөр фэйсбүүкийн Slot Admin гэсэн хаягнаас хийж байгаа казино тоглоомын live үзсэн. Коммент доор нэг линк байхаар нь дартал телеграммын “Slot саsino сонирхогчдын групп” гэсэн группэд чатанд орсон. Админтай нь чатаар холбогдоод мэдээлэл авъя гэхэд “Манай данс руу цэнэглэлт хийж тоглуулна. Манайхаас хожсон мөнгөө 60/40 гэж хуваана. Алдсан тохиолдолд таны хохирлыг бүрэн барагдуулна. Манайх хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна” гэсэн. Тэгэхээр нь итгээд эхлээд 120.000 төгрөгөөр цэнэглэхэд 30 минутын дараа “Таны шилжүүлсэн мөнгийг 6.000.000 төгрөг боллоо. Мөнгийг чинь татах гэхээр агент болохгүй мөнгө дутаад байна 200.000 төгрөг шилжүүл” гэсэн. 200 мянгыг шилжүүлсэний дараа “Таны шилжүүлсэн мөнгийг 50 сая төгрөг болсон байна. Мөнгөө татах гэхээр агент болохгүй байна. Агентаа солиход 450.000 төгрөг хэрэг боллоо” гэхээр нь яаж ийгээд 300.000 төгрөг шилжүүлсэн. Хожсон мөнгөө авах гэхэд  ахиад л “Агент болохгүй байна. Дахиж мөнгө шилжүүл өөр арга байхгүй. 500.000 төгрөг шилжүүлээд 33.000.000 төгрөг болгож ав” гэсэн. Мөнгө алга гэхэд “Одоо сэтгэж дээ өөр арга байхгүй” гэхээр нь залилуулсанаа мэдээд цагдаад хандсан...”

Харин “Slot Admin” нь :

“... Миний Slot Admin телеграмм хаягны чатаар “Мөнгө өсгөж өгөх үү, бүүст хийх үү” гэх чат ирэхээр нь “Бүүст хийж байна аа” гэсэн. “Алдвал яах вэ” гэхээр нь “Мөнгийг чинь яаж ийгээд боломж бололцоогоороо эргүүлж өгнө” гээд Богд банкны дансаа өгөхөд тухайн хүн нь эхлээд 70.000 төгрөг хийсэн. Тэр мөнгөөр нь Slot Admin тоглоод 3.900.000 болгож өсгөсөн. Тэгээд уг мөнгийг татаж авч болохгүй байсанд нөгөө хүндээ “Татаж болохгүй байна, дахиад мөнгө байвал боломжоороо шилжүүлчих” гэхэд нийт 640.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн яг одоо мөнгөө авна гэж уурлахад  нь “одоо мөнгө байхгүй, долоо хоногийн дараа боломж бололцоогоороо эргүүлээд өгнө” гээд  чатаар маргалдсан. Би “Тэгвэл цагдаагаараа яв даа, хүлээж байя” гээд чатнуудаа устгасан...” гэжээ.

Шүүх түүнийг нэг сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ