“Эрдэнэт” үйлдврийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригийн хутгасан олон мундирын нэг нь хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүн худалдан авах ЭҮХХК/202012771 дугаартай тендер юм. “ОСА4” маркийн энэ бүтээгдэхүүнийг үйлдврийн Авто тээврийн цех хэрэглэдэг. Тухайн онд цех нэг литрийг нь 45,7 мянган төгрөгөөр 20 литрийг худалдан авахаар захиалгыг Худалдан авах ажиллагааны хэлтэсд ирүүлсэн. Гэтэл тендерийн Үнэлгээний хорооны даргаар томилогдсон орлогч дарга удирдлагын зөвшөөрөлгүйгээр нэг литрийн үнийг 90,7 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Нийт хэмжээг нь 20 литрээс бүр 500 литр болгон өсгөсөн гэнэ. Ингээд тендер зарласан. Энэ тендерт “Эс Эм Жи Ти”, “Хавчир хангай”, “Гранд кумо химикал” зэрэг компаниуд оролцсон. Эдгээрээс хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн гэдгээрээ “Эс Эм Жи Ти” компани “ялжээ”. Үнэндээ ялуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Учир нь тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдсэн гэнэ. Тухайн үед зах зээл дээр “ОСА4” маркийн хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүн 53,4 мянган төгрөгийн үнэтэй байхад уг компани хамгийн өндөр буюу 90,7 мянган төгрөгийн санал өгөөд “ялжээ”.