Сэргэлэн бол Сэлэнгийнх гэж өөрсдөө онгирдог. Сэлэнгийн сэргэлэн эмэгтэйчүүдийг төлөөлж, энэ гурав нэр дэвшихээр эргэлт буцалтгүй шийдэж, идэвхтэй сонгуулийн сурталчилгаа хийж байна. Сурталчилгаа нь тус биш ус болох ч үе гарч байна. Энэ гурав төө зайгүй төрсөн эгч дүүс загнаж, эвтэй гурван амьтан шиг зургаа авахуулжээ. Энэ зургийг “ЖДҮ-чин” Оюундарь фэйсбүүктээ оруулж “Улс төрд нэгэнт зориглон орсон бол эр, эм хүйсийн ялгаа болон давуу, сул тал гэж байхгүй. Гэхдээ эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан давуу тал, хүлээсэн үүрэг гэж байдаг. Тэр бол сайн ханийн түшиг, сайхан үрсийнхээ элбэрэлт ээж, энэрч, эвлэрүүлж амьдардаг хатан ухаан юм гэж би хувьдаа боддог. Энэ сэтгэл, энэ ухаанаар төрөө түшиж, түмэн олныхоо төлөө эвлэж зүтгэх хариуцлагатай үүргийнхээ төлөө бид хичээнэ ээ. Эвлэвэл бүтнэ!” гэжээ.
Эвлэвэл бүтнэ гэж тунхаглаж буй Н.Оюундарь ахайтан аман дээрээ ингэж сайхан үг хэлэвч ачир дээрээ өөр. Эмэгтэй хүний үнэнч ариун сургаалыг ухаалаг үгс урсгаж, хар багаасаа ханилсан ханиа магтан, хөвөнд боосон чулуугаар “гал тогооны өрөө” гэх гайтай тамгатай Ч.Ундрамыг түншээд явдаг. Үе тэнгийн хөрөнгө бэлтэй, тэр хэрээр ч “ухвал” юмтай гурван бүсгүй хөтлөлцөөд гарлаа. Намдаа, тойрогтоо өрсөлдөгчид. Наймаанд найз байхгүй, улс төр бохир, амрагаас амь үнэнч гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх гурав. Амжилт хүсье, урагшаа бүсгүйчүүдээ...