Улстөрч Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Ховд аймгийн сонгогчдод хандаж хэлсэн үг
Шинэ юм эхлүүлэхэд үргэлж цөөхүүлээ байдаг. Шинэ юмыг эхлүүлдэг хүмүүс тэрийгээ сэтгэлээрээ хийдэг. 25 жилийн өмнө бид интернэтийг эхлүүлэхдээ гурвуулахнаа байсан. “Наадах чинь юу юм?” гэж хүмүүс асуудаг байсан. Хоёр жилийн дараа Засгийн газар биднийг дураараа юм хийлээ гэж шүүхэд өгч байсан. Гэхдээ бид хийж байсан ажлынхаа ирээдүйд итгэлтэй байсан учраас зүтгэсэн. Харин өнөөдөр бидний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон.
Орон нутагт манай сонгуулийн ажилд тусалж байгаа хүмүүс цалингүй, сайн дураараа ажиллаж байна. Үүнийг би миний хариуцлага юм байна гэж харж байна. Надад тэдний урмыг хугалах эрх байхгүй.
Бид бүх аймгаа тойрохоор явж байна. Бид хэн нэгний эсрэг биш, мэдлэг, чадвар, технологийн төлөө явж байна. Бид хэн нэгний эсрэг дайтах гэж яваагүй.
Өнөөдөр бидний байдал ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Бид өр тавьж, хүүхдүүдийнхээ мөнгөөр амьдарч байна. Гэхдээ төлөх өрийг нь хүүхдүүд дээрээ бичиж байна. Ахмад үе, дунд үе халамж аваад баярлаж байна. Гэвч өрөө хүүхдүүд дээрээ бичиж байгаагаа ярихгүй байна.
ХХI зууны монголчууд халамж хүлээж биш дэлхийтэй өрсөлдөж амьдрахаас өөр аргагүй болсон. Орос, Хятад, Солонгосоос дутахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, ЧАДАХААС өөр арга байхгүй. Дараагийн 30 жилд чадахгүй байх эрх байхгүй.
ХХI зууны Монголын хөдөө бол хүн дайжиж зугтдаг биш, Монголын залуучуудын мөрөөдлөө биелүүлдэг газар байх ёстой.
Байгалийн баялаг хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ архичин хүнд хичнээн их мөнгө байгаад нэмэргүй байдагтай адил мэдлэг чадваргүй, гол нь зорилго мөрөөдөлгүй бол бидэнд хичнээн их мөнгө байгаад ямар ч нэмэргүй.
Харин Ерөнхийлөгч ард түмнээ мөрөөдөлд манлайлах ёстой. Өнөөдөр манай залуучуудад мөнгөөр биш мөрөөдлөөр дутаж байгаа. Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой гэдэг. Тэгвэл эв нэгдэл гэж юу вэ? Бүгд бие биедээ хайр зарлах нь эв нэгдлийн нэр биш юм. Харин цөмөөрөө нэг зүгт харсан мөрөөдөлтэй байсан үед эв нэгдэлтэй байдаг. Мөрөөдөл бүдэг байхад залуучуудаа ирээдүйдээ итгэл муутай болдог.
Дараа нь энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд нийтээрээ дагаж мөрдөх дүрэм буюу хуульт ёс, итгэл үнэмшил, соёлтой байх ёстой. Өнөөдөр дүрмээ бариагүйгээс болж маш олон асуудал гардаг.
Гурав дахь чухал хүчин зүйл бол хүн бүрийн оролцоо. Монголын хөгжлийг 76 гишүүн хийхгүй. Халамж аваад хөгжихгүй. Хүн бүр өөрийн ажлаа хийж, өөрийн гэр бүлээ, компаниа сайжруулж байж, хүн бүр оролцож байж Монголын хөгжлийг хийнэ. Монголын Ерөнхий сайд байсан Данзан гуай “Бүгдээрээ баяжигтун” гэж хэлсэн нь яг үнэндээ бүгдээрээ оролц гэсэн үг.
Хүн бүр тус тусын ажлаа сайн хийж чадна. Малчид малаа хэрхэн хариулахаа хэнээс ч илүү мэднэ, инженерүүд, багш нар бүгд юу хийхээ мэднэ. Бүгд чадна. Гэхдээ яагаад бид яг одоо сайхан амьдарч чадахгүй байна вэ? Бид чадна гэдгээ мэдэхгүй байгаад л асуудлын гол оршиж байна. Монголд ажил хийж чадах олон хүн бий. Гэтэл зөвхөн намынхаа хүнийг ажиллуулдагаас ажил нурдаг.
Ерөнхийлөгч яг юу хийх юм бэ гэж та бүхэн надаас асууж магадгүй. Мэдээж эхлээд багаа байгуулж, тэндээ үнэхээр ХХI зууны Монголыг хөгжүүлэх сэтгэлтэй, мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг оролцуулна. Хоёрдугаарт, малчин бүрт интернэтийг үнэгүй ашиглуулна. Ингэж үнэгүй өгөхөд 60 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэгвэл малчид үнэгүй интернэтээр дамжуулан наймаа арилжаа хийвэл улс тэндээс жилдээ 350 тэрбум төгрөгийн ашиг олно.
Гуравдугаарт улс орны чухал асуудлуудыг хэлэлцэж гарц олдог механизмуудыг бий болгох ёстой. Жишээ нь, баруун бүсийг аваад үзье. Ховд аймгийн хувьд Монголын язгуур урлагийн өлгий нутаг. Дэлхийн урлагийн зах зээлд гарах авьяастнууд олон бий. Тэгвэл энэ мэт ажилд яагаад чадалтай хүмүүсийг оруулахгүй байна вэ? Энэ л Ерөнхийлөгчийн хийх ажил.
Залуучуудын тухайд нэг зүйл хэлье. Тэд бол маш онцгой бөгөөд мэдээллийн технологийн цоо шинэ ертөнцөд амьдарна. Ухаалаг утас бол тэдний ердийн хэрэглээ болчихсон. Тэд маш хурдан сурдаг. Гол тэдэнд зөв чиглэл хэрэгтэй.
ХХI зууны . Бид монгол ахуйгаа эвдэхгүйгээр байгалийн онгон дагшин байдлаа хадгалсан, гэхдээ орчин үеийн мэдээллийн технологи хэрэглэдэг, чинээлэг нүүдэлчин ард түмэн байх бүрэн боломжтой.
Өнөөдөр хүмүүс олон байшин чихэлдэж, олон машин түгжирсэн суурин газрын амьдралаас залхах шинжтэй болж ирлээ. Үүний оронд өргөн уудам хөдөө нутагтаа мэдээллийн технологийг ашиглан малаа хариулаад амьдардаг дэлхийд цорын ганц амьдралын хэв маягийг бүтээж болно. Гар утас, сансрын антенн, нарны дэлгэц бол тийм амьдралын зөвхөн эхлэл нь. Цаашдаа малчин гэрээсээ гаралгүй шууд дэлхийтэй холбогдон арилжаа наймаа хийж, гадаадын зах зээлд мах, түүхий эдээ шууд борлуулах технологи хэдийнэ бий болсон. Гагцхүү үүнийг ухаалаг зохион байгуулалттайгаар амьдралд нэвтрүүлэх л дутуу байгаа.
Ховд аймгийн хувьд Монголын язгуур урлагийн өлгий нутаг. Дэлхийн урлагийн зах зээлд гарах авьяастнууд олон бий. Тэгвэл энэ мэт ажилд яагаад чадалтай хүмүүсийг оруулахгүй байна вэ?
Эрх баригч нам ахмадуудыг ашиглаад байгаа гэдэг нь үнэн. Дэлхийн түүхийг уншихад нэг зүйл анзаарагддаг. Хүнийг их зовоогоод, өлсөөгөөд байхаар жаахан юм өгсөн хүнийг удирдагч болгоход бэлэн болчихдог. Эцэг эхээ, өвөө эмээ нараа энэ тогтолцооноос хамгаалах хэрэгтэй. Гадаадад байгаа залуучууд ээж аав руугаа залгаж захиад байгаагийн шалтгаан нь энэ.
Хүнээс авсан мөнгийг тараах ажлыг хэн ч хийж чадна. Харин юм бүтээнэ гэдэг маш хэцүү байдаг. Том хар машинууд унаад яваад байгаа дарга нар дотор өөрөө татвар төлөөд, хүнд цалин өгөөд явж байсан хүн маш цөөхөн. Тэд дандаа улсын мөнгийг тараадаг.