alim.mn | 2025.01.11
“Сүнжин гранд”-ын дэргэд нэгийгээ алахаар ирж зодолдоод зугтахдаа хоёр ч машин мөргөсөн бүлэг хятад иргэдийн ХЭРГЭЭС ...

Манайд бизнес эрхэлдэг хятад иргэдийн дунд ийм нэгэн ноцтой хэрэг гараад удтал шалгагдсан. Энэ зодоонд нэлээд хэдэн хятад монгол иргэд оролцсоноос Э Тула, Сон Чаненг хэмээх хятад, А.Буд, Ж.Ариунболд гэх монгол иргэн эрүүгийн хариуцлагад татагдсан. Хэрэг явдал хятад иргэд архидсанаас эхлэлтэй ч өөр шалтгаан байсан бололтой.

Жи Лу/Ji Lu/-гийн өгсөн: “”Би Сүхбаатарын талбайн хажууд байдаг Сити Товерын 901 тоот өрөөнд нь очиж Ж-тэй цемент тээвэрлэлтийн талаар ажлаа ярилцахаар очсон. Тэгээд өдөр 15 цагийн үед Ж-гийн найз Чай Юн Хан нь Ж-руу залгаад найз гэх Ванпен гэх хүний хамт ирсэн. Тэгээд Ванпен гэх хүнтэй анх удаагаа танилцсан. Бид нар ажлын талаар яриа өрнүүлж байгаад тэндээсээ орой хамт хоолонд орохоор болсон. Нарны гүүрний доод талд байдаг хятад хоолны газар луу очиж Чай Юн Ханы авчирсан 4-5 шил, 53 градусын 0,5 литрийн архийг хувааж уусан. Чай Юн Хан орой 21 цагийн үед утсаараа хүнтэй хятадаар ярьж "чи хүлээж бай, би очоод чамайг зодно" гээд уурлаад байсан..” гэжээ.
Бас нэгэн хятад гэрч Ван Юу/Wang Young/ “...Би Сүнжин Гранд зочид буудалд байдаг караокед ажилдаг найз Да Ху дээр очсон. Юм яриад сууж байхад Да-Ху надад "Жи Лу намайг зодох гэж ирж  байгаа" гэсэн. Бид хоёр караокены үүдний өрөөнд камер хараад сууж байхад цагаан өнгийн Жи-Класс машины гадаа ирээд зогссон. Жи Лу бас нэг хятад Май-И гэх хүнтэй бууж ирээд согтуу зогсож байсан. Би Жи Лугаас юу болсон, яагаад Да-Хуг зодох гэж байгаа талаар асуухад "миний дургүй хүргэсэн, би энийг  зодмоор байна, танд хамаагүй" гэж хэлсэн. Караокены эзний найз хятад Цуудай 570 загварын машинтай ирэхээр би "Жи Лу согтуу ирээд Да Хуг зодох гээд байна" гэхэд Цуудай "чи Да Хуг аваад явчих, бүгд адилхан хятад хүмүүс" гэж хэлсэн. Тэгээд би Да Хуг машинд суулгаад зугтаж хотоор тойрч байгаад 40-50 минутын дараа буцаж ирсэн. Миний харснаар зодоон болоод хоёр тийшээ салаад зогсож байгаа шинжтэй байсан. Тэгээд Жи Луг нэг эмэгтэй нь цагаан Жи-класс машинд суулгаад шууд зугтсан. Хар өнгийн Жи-класс машинд Жи Лутай хамт байсан хүмүүс суугаад зугтаад явсан. Зугтахдаа буудлын үүдэнд зогсож байсан хоёр ч приусыг мөргөсөн ...” гэжээ.

Харин зодоонд оролцсон монголчууд нь “... Жи Лү гэдэг хүн түүнийг алахаар ирж байгаа гэсэн. Намайг алах гээд байна шүү дээ гээд Ванюу гэдэг хүнд хэлсэн байсан. Дахуг тэндээс аваад зугтсан ...” гэжээ.

Хохирогч Жан Руди /Zhan Rudi/ нь "...Тухайн үед Лексус 570 загварын машинд сууж байсан нэрийг нь мэдэхгүй хятад залуу машинаас бууж ирээд гартаа барьсан архины шилээр дух руу шууд цохисон. Би доошоо унахад толгой дээрээс архины шилээрээ бололтой иртэй зүйлээр зүүн чих рүү 1-2 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад газар хэвтэхэд хүмүүс ирээд цохиод байсан. Намайг цохихдоо хятадаар хараасан. Тэр залуу бусад хүмүүстээ Чай Юн Хан, Ванпен нарыг битгий зодоорой гэж  монголоор хэлж байсан ...” гэжээ.

Энэ хэргийг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ