alim.mn | 2025.04.18
“ТЭЦ-4”-ийг 1,2 тонн махаар хохироосон гэх “Эрчим” зоогийн газрын дарга Я.Гэрэлмааг цагаатгасан тогтоолыг хүчингүй болголоо

Цагдаагийн хурандаа нарын эхнэрүүдээс хэрэгт холбогдоод байгаа нь “ТЭЦ-4”-ийн “Эрчим” цайны газрын дарга асан Я.Гэрэлмаа юм. Тэрээр станцын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн “Тоуоtа Highlander” машинаар өөрийн үүсгэн байгуулсан  цэцэрлэг рүү зөөвөрлөсөн, цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, ОБЕГ-тай байгуулсан  гэрээний дагуу “Тоёоко инн” зочид буудалд тусгаарлагдсан хоол нийлүүлж, өөртөө буюу  цэцэрлэгтээ 12.605.805,37 төгрөгийн давуу байдал бий болгож, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д 12.605.805,37 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс дарга хатагтайн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасанд прокурор эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Учир нь анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл болон яллаж байгаа нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаагаа хуулийн дагуу тодорхой заагаагүй гэнэ. Тэрхүү “няцаагдах” ёстой нотлох баримтуудын дунд ноцтой зүйлс дурдагддаг. Үүнд :

“... Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Эрчим зоог цайны газар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,660 кг мах тоолуулсан байна. 2021 оны 1, 2, 3 дугаар сард 14,680 кг махны орлого авсан, 12,952 кг мах зарцуулж 2021 оны 3 дугаар сарын 31-нд 2,126 кг мах тоолуулсан байна. Тооллогын зөрүүгээр 2021 оны 01 дүгээр сард 494.670 кг (2769.520-2274.850) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4,678,636.84 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 777.945 (32182.230-2404.280) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7,927,168.53 төгрөг, нийт 1,272.615 кг мах буюу 12,605,805.37 төгрөгийг дутагдуулсан байна...”
Нэр бүхий гэрч нарын “...Биднийг гэрээсээ ажиллах хоёр хоногт Грейс төвийн цайны газарт ажиллуулж, хоол хийлгэн, хоолыг онцгойн албан хаагчид баруун 4 замын хойд талд байрлах “Toyoka Inn” зочид буудалд тусгаарлагдсан иргэдэд хүргэж өгдөг байсан юм аа. Эрчим зоогийн газраас торонд хийж авч гардаг мах, махан бүтээгдэхүүн, хоолны материалаа төмөр зам дахь өөрийн цэцэрлэг, Грейс цайны газар руу авч явдаг гэдгийг нь мэдэх юм ...”
“...Дотоодын 05-р цэргийн ангийн алба хаагч нар дарга нарын машин гэхээр шалгалгүйгээр гаргадаг тохиолдол байдаг. Дотоодын цэргийн 5-р ангийн алба хаагчид манай Эрчим зоог цайны газраас хоол иддэг. Энэ утгаараа Я.Г даргын машиныг шалгана гэж юу байхав дээ. ...Постын үүдэнд дээшээ өргөгдөг машины хаалт байдаг, тэр хаалтыг алсаас удирддаг чип Гэрэлмаа даргад байдаг...”

Ийнхүү анхан шатны шүүхийг давсан Я.Гэрэлмаа давж заалдах шатны шүүх дээр “бүдэрчээ”.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
10 сарын өмнө
202.179.26.150
Улаан махны хулгайч
Төстэй мэдээ