alim.mn | 2025.01.11
ИТХ-ын дарга согтолт тодорхойлох “Алкотест 75-10”-ын оронд “Алкотест 68-20” шахаад 1,5 сая төгрөг “унагажээ”

Ховдын Буянт  гэж дарга нар нь хэрэгт холбогддог сум болжээ. Тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Цэнд-Аюуш нь цагдаагийн хэсэгт согтуурал шалгах төхөөрөмж авах зардалд 7000000 төгрөгөөр “Алкотест 75-10” загварын төхөөрөмжийг худалдан авахаар болж “Буянт ундрах шим” ХХК-нд тухайн мөнгийг шилжүүлж, ажлын даалгавараар тухайн компаниас “Алкотест 75-10” төхөөрөмжийг нийлүүлэх байтал хямд буюу 3500000 төгрөгний үнэ бүхий өөр загварын “Алкотест 68-20” загварын согтуурал шалгах төхөөрөмж нийлүүлсэн байхад зөрүү мөнгө болох 1500000 төгрөгийг бэлнээр авсан хэрэгт холбогджээ.

“Нийлүүлэгч” компанийн захирал А.Сүхтулга “... Манай компани хүнс, барилгын материал, бэлэн хувцас худалдаа, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2022 онд Буянт сумын Засаг даргатай цагдаагийн хэсэгт согтолт тодорхойлох багаж  болон тандагч багаж нийлүүлэх гэрээ байгуулсан. Ажлын даалгаварт согтолт тодорхойлох “Аlcotest 75-10” багаж, “Аlcoscan” согтуурлыг тогтоох багаж нийлүүлэхээр заасан. Улаанбаатар хотын Смарт трафик ХХК-иас авах гэхэд “Аlcotest 75-10” нь байгаагүй.  ИТХ-ын даргад “ажлын даалгаварт заагдсан нь алга,  адилхан үзүүлэлттэй  68-20 маркын багаж 3500000 төгрөгний үнэтэй байна” гээд тэрнийг авахаар болсон. Согтолт тодорхойлох  багаж хүлээн авсан баримт бичиг, тэмдэглэл байхгүй, бас гэрээний хугацаанд нийлүүлээгүй. Зөрүү  мөнгө болох 1500000 төгрөгийг хурлын дарга Б.Цэнд- Аюушид бэлнээр өгсөн...”

Харин сумын цагдаа нь ийн мэдүүлжээ.

“... 68-20 гэсэн багаж авчирч өгөхөөр нь захиалсан биш байна гэхэд авбал ав, авахгүй бол боль гэсэн.  Хурлын даргаас тухайн багажийг хүлээн авсан. Тандагч багаж өгөөгүй.  Нийлүүлэгч компаниас нэхэхэд сумын засаг захиргаа манай компанийн нэрээр аль хэдийн мөнгөө гаргаад авсан. Өөрсдөө авч өгнө гэж хэлсэн гэсэн ...”

Мөнгө “унагаасан” ИТХ-ын дарга асан ийн мэдүүлжээ.

“... Багажны зөрүүний 1500000 төгрөгийг нийлүүлэгч компаний захирал А.Сүхтулгаас бэлнээр аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан ...”

Шүүх экс даргыг зургаан сая төгрөгөөр торгож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ