alim.mn | 2025.04.18
Мөрийтэй тоглогч залуу ажлаас халагдангуутаа захирлынхаа “ВиЧат”-ыг ашиглан гадаад түншээс нь 28,3 сая төгрөг залилжээ

Манайд ажлаасаа гарсан, халагдсан хүмүүс хуучин компанитайгаа ижил үйл ажиллагаа явуулдаг компани байгуулах, дотоод харилцагчид болон гадаад түншүүдийг нь булаасан тохиолдол олонтоо гардаг. Тэгвэл онлайн мөрийтэй тоглоомд донтсон Т.Баатар ... гэдэг залуу   хохирогч Х.Б-ын БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн захиалан авахдаа харилцдаг харилцагч нарын мэдээллийг урьд өмнө мэдэж авсан давуу байдлаа ашиглаж, тэдэнтэй хохирогч Х.Б-ын нэрийг ашиглан Вичат сүлжээгээр дамжуулж харилцаж өөрийн эзэмшлийн данс руу 28,320,000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч компанийн захирал ийн мэдүүлжээ.

“Би "Б" төвийн захирлын албан тушаал эрхэлдэг. Урд хөршөөс  олон тооны хувцас зэрэг бараа татдаг. Би 11-р сарын гуравны өдөр түншээсээ бараа татах гээд хятад найзынхаа хятад данснаас хятад түнш рүүгээ 60,000 юань буюу монгол мөнгөөр 28,320,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бараагаа татах гэтэл манай түнш “мөнгө чинь орж ирээгүй, танай ажилтан шилжүүлэн авсан” гэсэн. Хэрхэн авсан талаар асуухад “вичатаар манай компанийн нэрийг ашиглан "Хаан" банкны 53060809.. гэх дансаараа авсан” гэсэн. Одоо тэр хятад надаас 60,000 юань нэхээд байгаа. Өмнө нь манайд ажилладаг байсан Б гэх залууг сэжиглэж байна. Ажиллах явцдаа итгэл төрүүлсэн учраас түүнийг өөрийн түншүүдийн Вичат группт нэмсэн. Гэсэн ч удаа дараа хулгай хийсэн, түншүүдээс мөнгө авах гэж оролдсон тул ажлаас халсан байсан. Би 2023 оны 10-р сарын 30-нд өөрийн түнш рүүгээ 100,000,000 төгрөг шилжүүлж бараа захиалсан. Тэгтэл түнш болох Боловсон гэх өвөрмонгол залуугаас миний нэрийг барьж шилжүүлсэн мөнгөнөөс 60,000 юань буюу монгол мөнгөөр 28,320,000 төгрөгийг өөр лүүгээ шилжүүлэн авсан байсан. Дараа нь 2023 оны 11-р сарын 11-ний өдөр Бямбаа гэх өвөрмонгол эмэгтэйгээс дахин миний нэрийг ашиглаж 5000 юань буюу монгол мөнгөөр 2,425,000 төгрөг шилжүүлж өөр лүүгээ авсан. Ингэхдээ  өөрийн хоолойг ашиглан бичлэг явуулж авсан байсан. Дараа нь 2023 оны 11-р сарын 11-ний өдөр манай эхнэрийн вичат хаягтай адилхан хаяг нээгээд, мөн хоолойг нь хуулж аваад Баясаа гэх өвөрмонгол залуугаас дахин 25,000 юань буюу монгол мөнгөөр 12,125,000 төгрөг Хятадын 6217000480005663669 данс руу шилжүүлэн авсан байсан. Сүүлийн 25,000 юаныг би Б авсан гэж бодож байна ...”

Т.Баатар ... нь мөнгөөрөө онлайн мөрийтэй тогложээ. “ONEXBET” бооцооны компанийн агент ийн мэдүүлжээ.

 “ .... 2023 оны 11-р сарын 05-ны 04 цагийн үед 51762111... гэх Хаан банкны данснаас 2,500,000 төгрөг гүйлгээний утга дээрээ Б гэх нэртэй цэнэглэлт орж ирээд би шимтгэлгүйгээр 702261167 хаягтай аккаунтыг цэнэглэсэн. Дараа нь Худалдаа хөгжлийн 4750761… тоот данснаас Б гэсэн нэртэй олон удаагийн гүйлгээ орж ирж 702261167 аккаунтыг цэнэглүүлж байсан. Миний тооцоогоор одоогийн байдлаар Б гэх хүн хоёр өдрийн дотор нийтдээ 28,940,000 төгрөгөөр өөрийн ONEXBET-ийн 702261167 аккаунтаа цэнэглүүлсэн. Миний дансанд орж ирсэн мөнгө нь МОВСАЅH аппликейшнаар дамжин ONEXBET-ийн хаяг руу шилждэг...”

Хаин шүүгдэгч хэргээ хүлээжээ.

“... Би 2023 оны 6-р сар "Б" төвд худалдааны зөвлөх хийж байгаад ажлаасаа гарсан. Ажиллаж байхдаа урдаас бараагаа захиалах ажлыг хариуцдаг байсан. Ажлаас гарсныхаа дараа вичатаар хятад түншид нь худлаа яриад 28,320,000 төгрөг шилжүүлэн авсан. Манай захирал энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд би 8,000,000 төгрөгийг нь "ONEXBET” бооцооны тоглоомонд мөрий тавиад алдчихсан. Үлдсэн 20,000,000 төгрөгөөр нь өөрийн аккаунтыг цэнэглүүлж тоглоод бас алдсан. Зөвхөн "Puna1xbet" агентаар цэнэглүүлдэг байсан. Би өмнө нь тус компанид ажилладаг байхдаа хятад түншүүдийг мэддэг тул захирал бараа захиалсаныг нь мэдээд дундуур нь орж мөнгийг нь авсан. Хятад түншүүдтэй нь харьцсан вичатаа устгасан ...”

Шүүх түүнд 480 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ