alim.mn | 2024.12.22
Дорнодын алтны ”мафи”-ийнхан хууль бусаар олборлосон 3,4 кг алтаа 509 саяар зарахад хүний 13,1 сая төгрөг оногджээ

Алтны нинжа нараас өнгөрсөн жил хамгийн амжилттай ажилласан нь Дорнодын алтны “мафи”-ийнхан байсан. Энэ бүлэглэл Баян-Уул, Дашбалбар болон Сэлэнгийн Мандал сумынханаас бүрдсэн. Мөн хотоос ч орсон агаад нийтдээ 10 гаруй хүнтэй байжээ. Урьд нь ял шийтгүүлж хүмүүс ч оржээ. Тэд Баян-Уул сумын Ногоон толгой гэх газраас алт ухсан гэнэ. Энэ нь ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн хамгаалалттай орд байжээ. “Толгойлогчид” нь Моононгийн Б, Цогбадрахын Ц нар агаад алтны орд руу ороход “ар тал”-ыг нь дааж олборлосон алтыг зарж бас мөнгийг хувааж өгчээ.

Цогбадрахын Ц : “...2023 оны 03-р сарын дундуур Улаанбаатар хотод ирж Б-тай уулзаж Ногоон толгой руу орох боломжийн талаар ярилцсан...”

Бусад нь болох өндөр Зоригоо, Соль, Жавхаа, Батлай болон хотоос ирсэн Лхагваа Сугараа нар алт ухах, угаах ажлуудыг хийсэн. Энэ үеэр таван гишүүн нь хамгаалалтын албанд баригдаж гавлуулсан ч Моононгийн Б “ярьж” байгаад суллаж авчээ.

“... Тухайн нутгийн гээд байгаа иргэд 2023 оны 03-р сарын 21-нд ирээд 23-ны өдөр хүртэл хууль бусаар ухаж 5-6 шуудай алттай шороо машиндаа ачсан. Удалгүй манай захирал, хуулийн зөвлөх, хамгаалалтын албаны дарга нар ирсэн. Ухаж байсан таван залууг баривчлан гавлаж хорьсон. Багаж нь болох мотор, молдок, олстой хувин, тайлыг нь хурааж авсан. Таван залуугаас боссоо дууд гэхэд Б ирээд “манай хүмүүс хаана байна, хэн зодоод байна, хүмүүсээ харъя” гэсэн. Маргааш нь бөх гэх Б-г дагуулж ирээд хүмүүсээ авна гэхэд нь өгөөгүй, цагдаад өгнө гэсэн. Тэд “танай компани эндээс хоосон хоцорно, биднийг оруулчих, манайхан муу геологичоос сайн хайдаг” гэсэн. Сүүлдээ манай хүмүүсийг өгвөл дахиж танай газар луу орохгүй гэхээр нь таван залууг нь сулласан ...”

Алт ухаж байхад Буянцог нь сумын төвөөс хоол зөөжээ. Хүмүүсээ суллаж аваад алттай шороо, чулуугаа Батлай буюу Э-гийн гараашид угаажээ.

“... Алттай чулуугаа уур нүдүүрээр буталж угаасаар өглөө үүр цайхын өмнөхөн дууссан. Гаргаж авсан алтаа тушааж мөнгөө авахаар Н, Буянцог хоёроос бусад нь бүгд Улаанбаатар луу явсан ...”

Тэд бохироор дөрвөн кг алт гаргаж аваад хотод авчиран толгойлогчид нь Урт цагааны алтны ченж Золоод заржээ. Алтны цэвэр жин нь 3,4 кг болсон.

“...Нэг эрэгтэй хүн над руу залгаад “алт авч байна уу, 300-400 сая төгрөгийн алт байна” гэсэн. Надад тэр алтыг авах мөнгө байхгүй тул Золоод хэлэхэд ”тийм их мөнгө байхгүй байна, өнөөдөр амралтын өдөр тул банк хааллтай. доллароор мөнгийг өгч болох талаар асуу” гэхээр нь би буцааж залгаад хэлэхэд болно гэсэн. Эхний өдөр буюу 03-р сарын 26-нд 3,335 грамм алтны төлбөрийг 50,0 саяар хоёр удаа, бэлнээр 100 сая төгрөг, 88,000 орчим америк долларыг бэлнээр буюу нийт 509,0 сая төгрөг өгсөн. Дараагийн өдөр 1,092 грамм алтны төлбөр болох 150 гаран сая төгрөгийг гурван өөр дансанд шилжүүлж өгсөн. Бүх мөнгө Золоогийн данснаас гарсан ...”

Алтны “мафи”-ийнхан мөнгөө “Тайж” зочид буудалд хувааж авч бас найрлажээ.

“...Бид тус тусдаа машинтай хотод ирээд Ц лүү залгахад дуудахад бэлэн байгаарай гэсэн. Орой нь 21 цагийн үед Тайж зочид буудалд хүрээд ир гэсэн. Очиход хоол захиалчихсан, ширээний голд хайрцагтай мөнгө тавьчихсан, нэг хүний хувь 13,1 сая болсон гээд Ц, Б нар мөнгийг тарааж өгсөн ...”

Үлдсэн мөнгийг нь хоёр толгойлогч хувааж авчээ. Мөн угаасан алтныхаа үлдэгдэл шламыг Төв аймгийн Борнуурт очиж тээрмээр дахин угаалгаад 30 гр алт гаргаж авсан. Гэсэн ч тэд баригдаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 775,3 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдсан. Анхан шатны шүүх толгойлогч хоёрыг тус бүрийг нь 20 сая, бусдыг нь 5,4 сая төгрөгөөр торгожээ. Байгаль орчинд учирсан хохирол болох 644,3 сая төгрөгийг толгойлогчидоос хувь тэнцүүлэн гаргуулахаар болж шүүгдэгч Моононгийн Б-д 274,9 сая, Цогбадрахын Ц-д 319,6 сая төгрөг оногдсон. Бусад нь хувь гэж авсан 13,1 сая төгрөгөө төлөхөөр болсон байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ