alim.mn | 2024.12.22
Алтны уурхайн эзэн хатагтай 2,6 кг алтаа алтны ченж эмэгтэйд 428,3 сая төгрөгөөр зарах гээд залилуулсан ХЭРГЭЭС ...

Алтны наймаа хийдэг эмэгтэй С.С  нь хохирогчийн 2,6 кг алтыг 428.318.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, алтыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлж “үлдэгдэл мөнгийг нэг цагийн дараа шилжүүлье” гэж хуурч улмаар  100.007.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хохирогч П.Гүндэг... нь алтны уурхайгаас гадна шатахууны наймаа хийдэг бизнесмэн эмэгтэй гэнэ. Тэрээр Сэлэнгийн Бугант суманд байдаг “Капитал авто сервис” компанид шатахуун нийлүүлээд төлбөрт нь байгалийн алт авч байжээ. Харин шатахуунаа “Петровис”-ээс авдаг байсан гэнэ. Ингээд шатахууны үнийн 300 сая төгрөгөндөө “Капитал авто сервис”-ээс авсан 2,6 кг алтыг зарж өгөхөөр хүүгээ Урт цагаан луу явуулжээ.

“ ... Манай ээж 2,6 кг алтыг Соёл... эгчид аваачаад өгчих гэсэн. Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн хажуу талд байрлах ажлын байран дээр нь аваачиж өгсөн. Тухайн өдрийн Монгол банкны ханшаар харилцан тохиролцож 428.318.000 мянган төгрөгөөр зарж борлуулахаар болсон. Алтаа тушаагаад 128.311.000 мянган төгрөгийг ээжийн данс руу хийлгэсэн. Үлдэгдэл болох 300.000.000 сая төгрөгийг нэг цагийн дараа шилжүүлье гэхээр нь би итгээд явсан. Товлосон цаг өнгөрсөний дараа утсаар яриулж байж 100.000.000 сая төгрөгийг манай эхнэрийн  данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш ээж үлдэгдэл мөнгөө авах гээд олонтоо залгасан бөгөөд тэгэж байгаад өгье гэх мэтээр хойшлуулсаар яваад байгаа юм байна лээ. Сүүлд манай ээжийн данс руу 90.000.000 сая төгрөгийг 3-4 удаагийн гүйлгээгээр хувааж төлсөн байсан ...”

Алтын төлбөрийг бүрэн өгөөгүйн улмаас “Петровис”-тэй байгуулсан шатахууны гэрээ нь цуцлагджээ. Хэдийгээр шүүгдэгч нь залилан биш гэж мэтгэлцсэн ч хохирогч 1,8 жилийн хугацаагаар хохирсон, шүүгдэгч нь уг хугацаанд төлбөрөө төлөх хангалттай хэмжээний орлого, зарлага дансаар нь хийгдэж байсан нь мөнгийг төлөх бүрэн  боломжтой байсан  гэж шүүх үзжээ. Ингээд шүүгдэгчийг урьдын харилцаанд тогтосон итгэлцэлийг ашиглан бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах хэрэгт буруутган 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ